Зүүн бүсийн Физикийн олимпиад болно

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 15:58:29

2015 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Зүүн бүсийн Физикийн 18-р олимпиад анх удаагаа Сүхбаатар аймагт зохион байгуулагдах гэж байна.

Тус олимпиадын үеэр оролцогч сурагч багш нар мэргэжлийн дурангаар сансар огторгуй дурандах, Улсын Физикийн олимпиадын хороо, МУБИС Төгсөгчдийн холбоо, МУИС, ШУТИС, МУБИС-ын физикч багш эрдэмтэд Сүхбаатар аймгийн ЗДТГ-т Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, Төгсөх ангийн байр эзэлсэн суралцагчдад МУБИС, ШУТИС, МУИС-т урилгаар суралцах эрх олгох гэх мэт олон шинэ ажлууд багтсан байна.

Энэхүү олимпиад нь анх 1997 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд Физикийн бага олимпиад нэртэй зохион байгуулагдаж байсан бөгөөд 2005 онд Хэнтий аймгийн Бэрх хотод 9-р олимпиад зохион байгуулагдаж эхэлснээс хойш Зүүн бүсийн олимпиад болж өргөжин зохион байгуулагдах болсон.

2015 онд анх удаа Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн гол онцлог нь албан ёсоор Улсын Физикийн олимпиадын хорооны салбар олимпиад болж байгаа юм. Ерөнхий зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн 2-р сургууль, хамтран зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн Боловсрол, Соёлын газар тус тус ажиллаж байна.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ