Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх зарим сангийн орлогын төлөвлөгөө тасарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-06 11:38:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 2016 онд Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг 102.3 хувиар биелүүлсэн боловч зарим сангийн орлогын төлөвлөгөө 87-96 хувиар биелж, орлого тасарсан дүнтэй байна.
Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн байдал суларч ажил олгогч, аж ахуйн нэгжүүдийн төсөв санхүүгийн байдал хүндэрч, үйл ажиллагаа нь доголдон эхэлснээс шалтгаалан ажилгүй иргэд, даатгуулагч олноор бий болж, ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зардал өнгөрсөн онд хэтэрсэнээс үүдэлтэй ажээ. Иймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаанаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага, хуримтлагдсан өр авлагын барагдуулалт, хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг, шинээр мөрдөгдөх хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг хэлэлцсэн юм.
Уг мэдээллээс үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх 2017 оны орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэхийн зэрэгцээ урьд онуудын хуримтлагдсан өр авлагыг 30 хүртэлх хувиар барагдуулах, тайлант онд нэмж шинээр өр авлага үүсгэхгүй байх, нийслэл болон бусад аймаг, дүүрэг хотуудад бүртгэлтэй Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, салбаруудыг аймаг орон нутагт нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болгох нөхцөл боломжийг судлан хэрэгжүүлэхийг даалгалаа. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ажил олгогч аж ахуйн нэгжийн захирал, удирдлагуудад улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, бичил уурхай эрхлэгч, төмс хүнсний ногоо тариалагч нөхөрлөл, хоршоо, ажил олгогчид ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлдөг байх, дээрх аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байрны тоог бууруулахгүй хадгалахыг даалгасан юм.
Цаашлаад төсвийн шууд захирагч нарт төр төсвийн байгууллагууд тухайн сарын шимтгэлээ бүрэн төлж нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага үүсгэхгүй байх, ОНӨААТҮГ-ын дарга эрхлэгч нарт хуримтлагдсан өр авлагыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээг авч нийт өрийн 50 хүртэлх хувийг бууруулж, тухайн сарын үүссэн өрийг бүрэн барагдуулах, сумдын Засаг дарга нарт нийгмийн даатгалын байцаагч болон холбогдох албан хаагч, багийн засаг дарга, мэргэжилтнүүдийг оролцуулан харьяа багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч шимтгэл төлөгч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд шинээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг сурталчлах, орлого бүрдүүлэх, өр авлага барагдуулах чиглэлээр хамтарсан аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг тус тус даалгалаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ