Математикч, тоочдын “Их өргөө” - 32 дугаар сургууль ойгоо тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2015-10-29 17:07:11

Үе үеийн математикч, тоочдыг төрүүлсэн Нийслэлийн Хан Уул дүүргийн П.Энхболдын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургууль 50  жилийнхээ ойг 11 дүгээр сарын 6-нд тэмдэглэнэ.

Ойгоо угтаж тус сургууль багагүй ажил зохион байгуулж байгаа төдийгүй амжилт бүтээлээр арвин угтаж байгаа аж. Тухайлбал, ХУД-ээс зарласан төслийн уралдаанд математикийн баг хамт олон тэргүүн байр эзэлж, төслөө дүүргийнхээ ЕБС-иудад хэрэгжүүлж эхэлсэн. Бага дунд боловсролын шинэчлэлийн ажлыг амжилттай зохион байгуулж байна. Засгын Газрын энэ оны 307 дугаар тогтоолоор 32 дугаар сургуулийн 640 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн шинэ байрыг  концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэсэн. Бага сургуулийн өргөтгөлийн засвар, дээвэр цонх бүгдийг нь засч сэлбэжээ.

 Өнөөдөр тус сургууль 1-11 дүгээр ангийн 24 бүлэгт 615 суралцагч, 36 багш, 14 ажилчинтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. 2006 оноос Байгаль орчноо хамгаалах чиглэлээр Япон улсын Зүүн Өмнөд Азийн Байгаль орчныг хамгаалах Ёкохама байгууллагатай, 2007 оноос Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын байгаль орчны консорциумын дэмжлэгтэй Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд “Эко-сургууль” төсөл хэрэгжүүлж байгааг тус сургуулийн багш Д.Оюунбилэг онцолж байв. Тус сургуулийн хамгийн сүүлийн амжилтаас цухас дурдахад 2014 онд ХУД-ийн математикийн 50 дугаар олимпиадад багаараа дэд байр эзэлсэн юм. 2014-2015 оны хичээлийн жилд Д.Оюунбилэг, Ж.Цэцэгмаа багшийн бэлтгэсэн сурагчдаас 5-ын "А" ангийн сурагч Б.Үжин П.Энхболдын улсын XIII уралдаанаас хүрэл, нийслэлийн түргэн бодолтын олимпиадаас алт, Олон улсын “Кенгару” олимпиадаас мөнгөн медаль, Чөлөөт ангилалд багш Д.Оюунбилэг 7-р байр, Др, профессор Чимэдцэрэнгийн нэрэмжит хотын олимпиадад 2-ын "В" ангийн Т.Тэмүүлэн,Н.Золжаргал, Б.Энхзаяа нар хүрэл, П.Энхболдын нэрэмжит математикийн улсын 13-р уралдаанаас 2-ын "В" ангийн Т.Тэмүүлэн мөнгө,мөн ангийн Б.Энхтүшиг хүрэл медаль, 5-ын "А" ангийн сурагч Ц.Өсөхбаяр нийслэлийн “Стандарт” олимпиадаас хүрэл, Ш.Үйлстөгөлдөр нийслэлийн 48-р сургуулийн нэрэмжит олимпиадаас хүрэл, Б.Энх-Учрал  нийслэлийн “Комбинаторик” олимпиадаас хүрэл, Б.Мадина ОУ-ын “Кенгуру” олимпиадаас  хүрэл, Э.Саруул нийслэлийн гар зургийн уралдаанаас мөнгө, Н.Хүслэн “Чадвар ММ” олимпиадаас хүрэл медаль хүртжээ.

Улаанбаатар хот төвхнөхийн зэрэгцээ Зайсанд суурьшил нэмэгдэж ХААДС, Халдвартын эмнэлэг, Ясны сүрьеэгийн эмнэлэг зэрэг тухайн үеийн нийслэлийн хүн амд чухал үйлчилгээний газруудын үйл ажиллагаа жигдэрч, ажиллагсдынх нь хүүхдүүдийг  сургах үүднээс 1964 онд ХААДС-ийн оюутны байранд  нэгдүгээр ангийн 2 бүлгийг Ш.Даваасүрэн, Б.Биндэрьяа нар хичээллүүлж, улмаар 1965 оны хичээлийн жилд ХААДС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Жижиг амьтан судлалын туршилтын байр”-ны баруун жигүүрийг суллан 1-ын "А", 1-ын "Б" анги, мөн 2-ын "А", Б", анги хичээлийн жилийн нээлт хийснээр бага сургууль байгуулагдсан түүхтэй. Олон хүний амь нас, эд хөрөнгийг сүйдэлсэн 1966 оны аймшигт үерийн дараа төр засгаас  айл өрхүүдийг нүүлгэн Зайсангийн аманд 5-6 гудамж болгон буулгаж, хүүхдүүдийг сургуульд хамруулахын тулд 32 дугаар сургуулийг 8 жилийн сургууль болгон өргөжүүлж 25 бүлэгтэй 841 сурагчтай 48 багш, захиргаа аж ахуйн 11 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулжээ. Энэ цагаас эхлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн багш сурагчид “математик”-ийн гэх тодотголтой тэмцээн, уралдаан, олимпиадад байнга амжилт гаргаж, үе үеийн математикчдыг төрүүлсэн гавьяатай юм. Өдгөө ч энэ сургуулийн багш, сурагчид амжилтаараа ЕБС-иуд дундаа дээгүүрт орсоор байгаа.

П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдаан анх 1993 онд түүний мэндэлсний 35 жилийн ойгоор ах нарынх нь санаачилгаар зохион байгуулагдаж эхний 2 уралдаан МУИС дээр “Сурагч”, “Багш” гэсэн ангиллаар  болсон. 1997 онд улсын 3-р уралдааныг 32-р дунд сургууль дээр “VII–VIII анги”, “IX–X анги”, “Багш” гэсэн 3 ангиллаар зохион байгуулснаас хойш 32 дугаар сургууль энэхүү нэр хүндтэй олимпиадыг хоёр жил тутамд зохион байгуулж байна. 1999 оноос 1–10 р анги тус бүр, бага, дунд ангийн багш, нээлттэй ангилал гэж зохион байгуулагдсан нь математикчдын хамгийн том сорилт, чансаа өндөр тэмцээн болж чадсан юм. НИТХ-ын тогтоолоор 2000 онд “Математик, эдийн засгийн гүнгийрүүлсэн сургалттай 10 жилийн 32 дугаар дунд сургуулийг нэрт математикч агсан Пагважавын Энхболдын нэрэмжит болгосон билээ.

П.Энхболдын нэрэмжит математикийн IV уралдаанаас Г.Мөнхжаргал алт, IV, VI уралдаанаас Э.Энхзаяа алт, VII уралдаанаас Э.Өсөхбаяр хүрэл, VIII уралдаанаас С.Оюун-Эрдэнэ, М.Марал хүрэл, IX уралдаанаас Э.Халиун алт, Б.Билэгтжаргал хүрэл, X уралдаанаас Д.Очир-Эрдэнэ алт, XI уралдаанаас Э.Баярхүү алт, Э.Ану, Б.Мөнхбаяр нар мөнгө, Б.Манлай хүрэл, XII уралдаанаас Б. Үжин, Б. Ариунбилэг алтан медаль, Т.Ундаръяа хүрэл медалийг хүртэж байсан гээд амжилт бүтээл арвинтай сургууль юм.

 

Б.Оюундэлгэр

 

Холбоотой мэдээ