Дорнод аймагт "Шүүхийн үйлчилгээний төв" нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ШЕЗ-өөс шүүхийн шинэчлэлийн хүрээнд нээлттэй байх зорилт дэвшүүлж буй бөгөөд шүүх бүрт "Шүүхийн үйлчилгээний төв" нээн ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд аймгуудаас Дорнодод Шүүхийн үйлчилгээний төвийг нээжээ.
Улаанбаатар дахь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэд дээрх төвүүдийг нээснийг өмнө нь мэдээлсэн.
Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан нээлтийн үеэр хэлэхдээ, 'Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэхүү төв нь шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхээс эхлээд олон талын ач холбогдолтой” хэмээв.
Харин Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр, "Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зарласан төслийн уралдаанд амжилттай оролцож, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэх энэхүү ажлыг эхлүүлж байгаа гэв.
Төвийн нээлтийн арга хэмжээнд оролцсон Хэрлэн сумын иргэн Н.Чимэдрэгзэн ярихдаа, 'Шүүх шинэчлэгдэж өөрчлөгдөж байгаад баярлаж байна. Миний залуу үед шүүх хаалттай байлаа. Ардчиллын буянаар шүүх нээлттэй болсон. Өнөөдөр аймгийнхаа шүүхээр үйлчлүүлэхээр ирэхэд ийм сайхан төв нээгдсэнд талархаж байна” гэлээ.
Энэ үеэр Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн С.Батбаатар 'Шүүхийн үйлчилгээний төв”-ийг иргэдэд танилцууллаа. Тус төвийн өргөдөл гомдол гаргах зориулалтын ширээ сандал бүхий хэсэгт хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулсан бөгөөд шүүгчийн туслахтай уулзах, нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээн авах хэсгийн хүлээлгийн танхимд мэдээллийн самбар, дэлгэц байрлуулж, иргэдэд шүүхэд хандах талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг түгээх юм" хэмээв. гэж ШЕЗ-ийн хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.