Саудын Арави улс Катартай харилцаагаа хэвийн болгохын тулд 10 болзол тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР./TASS/. Катар улстай харилцаагаа хэвийн болгохын тулд Саудын Аравийн эрх баригчид ойрын 24 цагийн дотор биелүүлэх ёстой 10 болзлыг катарчуудад тавьжээ. Энэ тухай “Sky News Arabia” телевиз өөрийн дипломат эх сурвалжийг иш татан мэдээллээ.
Эдгээр болзлыг Саудын Аравийн тал мягмар гарагт Жида хотод Кувейтын эмирт гардуулжээ. Катарын талд тавьсан заавал биелүүлэх ёстой 10 болзлыг дурдвал, Ирантай дипломат харилцаагаа таслах, Катар улсаас ХАМАС болон “Лалын ахан дүүс” бүлэглэлийн гишүүдийг бүгдийг нь албадан гаргах, түүнчлэн тэдгээр хүмүүсийн Катарын банкууд дахь дансуудыг хаах зэрэг шаардлагууд байгаа юм. Үүнээс гадна Саудын Арави улс Катарын “Al Jazeera” телевизийн редакцийн бодлого болон тус телевизийн удирдлагыг нэн даруй өөрчлөхийг шаардаж байгаа аж.
Даваа гарагт, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт улс, Саудын Арави, Египет, Йемен, Ливи, Мальдив болон Маврики улс терроризм, хэт даврах үзлийг дэмжсэн гэж Катарыг буруутган тус улстай тогтоосон дипломат харилцаагаа тасалсан билээ. Мягмар гарагт Мавритани улс мөн ийм алхам хийсэн байна. Хэд хэдэн улс орон усан болон агаарын тээврийн харилцаагаа таслах, Катартай хийж буй банкны гүйлгээг зогсоох, тус улсын дипломат ажилтнууд болон харьяат иргэдийг албадан гаргах арга хэмжээ авчээ.
Харин Катарын эрх баригчид "манай улсыг терроризм, хэт даврах үзлийг дэмжсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, баримт нотолгоогүй зүйл" гэж мэдэгдсэн юм.
О.Барс