Баруун бүсийн хурдад 300 гаруй хурдан буян тоосоо өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-08 21:03:29
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн “Баруун бүсийн хурд -2017” хурдан морины уралдаан энэ сарын 5-нд Завхан суманд зохион байгуулагдлаа. Энэ уралдааныг “Увсын хурд” Морин спорт уяачдын холбоо, Завхан сумын ЗДТГ болон тус сумын "Говийн Ажнай" морин спорт уяачдын холбоо хамтран зохион байгуулсан юм. Уралдаанд дөрвөн аймгийн 15 сумын 300 гаруй хурдан буян тоосоо өргөлөө.
Азарганд Увс аймгийн Завхан сумын Билэгсайханы хүрэн түрүүлсэн бол Ховд аймгийн Мянгад сумын Хүрлээгийн халиун, Увс аймгийн Өлгий сумын Цэрэннадмидын хонгор, Завхан сумын Гэрэлбатын хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын Заяагийн зээрд тус тус айрагджээ.
Их насанд Завхан сумын Баярмагнайн хонгор түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол айргийн тавд мөн сумын Батхуягийн шарга, сарт хээр, хээр гэсэн гурван морь довтолж, Эрдэнэбатын алаг удааллаа. Соёолонд Тариалан сумын Аюурзанын бор түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын Ганзулын хүрэн, Говь-Алтай аймгийн Гансүхийн саарал, Завхан сумын Гэрэлбатын хээр, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баасаны хүрэн айрагдсан юм. Харин хязааланд Өлгий сумын Дэндэвийн буган саарал, Тэс сумын Замбалын тожин бор, Өлгий сумын Баянжаргалын хүрэн, Өлгий сумын Баттогтохын хонгор, Завхан сумын Баянжаргалын хул тус тус айрагдлаа. Шүдлэнд Завхан сумын Даваажавын саарал, Өлгий сумын Дэндэвийн саарал, Өмнөговь сумын Сүрэнхоролын хээр, Өлгий сумын Бямбажавын хээр, Тэс сумын Замбалын буурал тус тус айрагдаж, дааганд Өлгий сумын Бархасбадийн хээр, Өндөрхангай сумын Улаанаагийн бор, Завхан сумын Сүхбаатарын хонгор, Даваажавын хонгор, Дэндэвийн бор даага айргийн таваар давхилаа
Б.Замбал
Холбоотой мэдээ