Төрийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг чангатгах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:00:45

Нэгдсэн Монгол, Босоо хөх, Монгол, Хэрлэн Аравт ТББ-аас Төрийн тусгай хамгаалалттай газар нутгынхаа хамгаалалтыг чангатгаж, төрийн хараа хяналтаас гадуур ашиг, орлого олохыг эрмэлзсэн гадаад, дотоодын жуулчдаас хамгаалахыг төр, ард түмэндээ хандан уриаллаа.

Энэ талаар тус байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ оны зургадугаар сарын 22-нд иргэн Ч.Чинзориг Франц улсын зургаан иргэний хамт Бурхан халдун хайрханы зургийг авах нэрийдлээр тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрчээ. Гэвч эдгээр иргэд нь хайрханы зургийг авах бус ашгийн төлөө тусгай хамгаалалттай газар нутгийг хөндөхөөр зэхэж байсан хэмээн дээрх байгууллагуудын төлөөлөл мэдээллээ. Үүнтэй холбогуулан тус байгууллагуудаас энэ сарын 02-нд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад, “Өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн газар нутгийг хамгаалж, үр хойчдоо үлдээх ёстой. Иймд БОНХАЖ-ын сайдын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/461 дугаартай Хайрханд аялуулах журмыг өөрчлөх буюу хүчингүй болго. “Их Хориг”-ийн хязгаарын дээс нь “Үүд мод”, “Цагаан Арал” тул түүнээс цааш бусдын гарахыг хориглох нь зүйтэй. ХХТХ-ын тусгай хамгаалалтыг харьяалах сумдын ойн ангид хариуцуулах хэрэгтэй” гэжээ.

М.Ихэрбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд