"Хэнтий Ус" компанийн гагнуурчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-13 14:17:00
Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтий-Ус” компанийн гагнуурчин Б.Мөнхмандах, П.Энхтүвшин, М.Ганбат нар МСҮТ-ийн Зөвлөх багш Л.Батчулууны нэрэмжит “Хэнтий аймгийн аварга шалгаруулах гагнуурын мэргэжлийн ур чадварын уралдаан”-д эхний гурван байранд шалгарлаа.

Гагнуурчид тулгасан хавтанг дороос дээш гагнах, хоолой хөдөлгөөнгүй бэхэлж гагнах, гагнуурын симулятор дээр босоо байрлалд нэг үет оёосыг гагнах даалгавруудыг гүйцэтгэн, ур чадвараа сорьсон юм. Энэхүү уралдаанд Бор-Өндөр МСҮТ, Хан Хэнтий ЦС, Буянт-Уул ХХК, Хэнтий-Ус ХХК, Суварга эв ХХК, Хэрлэн дун ХХК болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нийт 15 гагнуурчин оролцлоо. Уралдаанд оролцож буй гагнуурчин залуус мэргэжлээрээ 2-28 жил ажилласан ажлын туршлагатай ажээ.

Хэнтий аймгийн хэмжээнд гагнуурын мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, хувь хүмүүсийн дунд туршлага солилцох, урамшуулах, дэмжих улмаар гагнуурчдын түвшинг тогтоож шалгаруулах, цаашид гагнуурын мэргэжлийн улсын уралдаанд оролцох зорилготой энэхүү уралдаан энэ сарын 7, 8-ны өдрүүдэд МСҮТ-ийн байранд болсон юм.
   Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ