Бага ангийн сурагчид “STEM” боловсролд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-14 12:38:39
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЕБС-иудын бага ангийн сурагчид “STEM” боловсролд суралцаж байна. “Боловсролын чанарын шинэчлэл” төслөөс тус аймагт 118.3 сая төгрөгийн “STEM сургалтын хэрэглэгдэхүүн” нийлүүлснээр 1-4 дүгээр ангийнхан Япон улсын ARTEC компанийн үйлдвэрлэсэн 2 багц хэрэглэгдэхүүн, 5-р ангийнхан ХБНГУ-ын Fishertechik компанийн багц хэрэглэгдэхүүнийг төрийн өмчийн сургуулиудад хуваарилан олгожээ.
Энэхүү сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндэд хор нөлөөгүй, урт удаан хугацаанд ашиглах боломжтой, олон эд ангиас бүтсэн, угсарч салгахад хялбар, үл хөдлөх болон хөдөлгөөнт зохиомж, машин, механизмуудын загваруудыг хүртэл бүтээж болдог зэрэг олон давуу талтай гэнэ.
Ирэх хичээлийн жилээс БСШУСЯ-аас сургууль бүрт STEM боловсролын танхим нээж, STEM хэрэглэгдэхүүний ширээг нийлүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний бэлтгэл ажлыг хангах зорилгоор саяхны өдрүүдэд тус аймгийн бага ангийн багш, сургалтын менежерүүд тусгай сургалтад хамрагдаж, 1-4 дүгээр ангийн багцтай танилцсан байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ