Улсын хэмжээнд замын тэмдэглэгээг шинэчлэх аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон ЗЦА хамтран авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж эхлээд байна. Энэ аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, ослоос урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд үзлэг, үнэлгээ хийж эхэлжээ. Мөн засч сайжруулах, стандартын шаардлага хангуулахаас гадна замаас шалтгаалсан ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг суурилуулах юм. Эдгээр ажлуудыг орон нутгийн зам хариуцагч компани, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудтай хамтран гүйцэтгэж эхлэв. Ингэснээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжирч, осол аваар буурах ач холбогдолтой. Зам, тээврийн хөгжлийн яам, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, зам хариуцагч байгууллагууд, орон нутгийн Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу газар дээр нь ажиллаж, тэмдэгт тавигдах стандарт, тэмдэгийг байршуулахад анхаарах зүйлс, одоогийн байгаа тэмдгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хэмжилт хийж, тэмдэгний хэмжээс, өнгө будагны стандарт, гэрэл ойлгогч туузны стандарт, тэмдгийн үйлчлэх хүрээ, хэд хэдэн тэмдэг тавьсан тохиолдолд хэрхэн зөв байрлуулах зэрэг заавар зөвлөмжийг өгч байна гэж ЗЦА-аас мэдээллээ.
Ж.Батсайхан