Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 1-1,25 хувь болгож өсгөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-15 08:51:07
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 25 суурь пунктээр нэмэгдүүлж 1-1,25 хувь болголоо. Энэ тухай тус сангийн нээлттэй зах зээлийн удирдах хорооны хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ.

Түүнээс гадна ХНС энэ онд Засгийн газрын өрийн бичиг болон бусад үнэт цаасанд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулна гэдгээ мэдэгдсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар, бодлогын хүүг өсгөх тухай энэ шийдвэр нь АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан, цаашид сайжирна гэсэн хүлээлт үүссэн холбоотой ажээ. “Хөдөлмөрийн зах зээл улам бүр бэхжиж байгаа ба эдийн засгийн идэвхжил дундаж хурдаар өсч байна” гэж уг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна.

ХНС-гийн удирдах хороо цаашид бодлогын хүүгийн түвшинд өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгджээ. Тус хорооны хяналтандаа байлгах ёстой инфляцийн түвшин одоогийн байдлаар 2 хувиас доогуур байгаа ба дунд хугацаанд энэ түвшиндээ тогтворжих ёстой гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

Үүнээс өмнө энэ оны 3 дугаар сард ХНС бодлогын хүүгээ 0,5-0,75 хувь байсныг 0,75-1 хувь болгон нэмэгдүүлсэн билээ.
О.Барс 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ