“Чонон сүлд”-ийн зохиолчид “Бичгийн мэргэн” цол хүртээв

Монголын мэдээ | Соёл урлаг
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:06:40

“Чонон сүлд” романы зохиолч Зян Руныг "Бичгийн мэргэн" цол тэмдгээр шагналаа.

 Дэлхийн Монгол зохиолчдын холбооны дээд шагнал болох энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хүүхэлдэйн театрт болов.

Дэлхийн Монгол зохиолчдын холбооны ерөнхийлөгч Ц.Хулан хэлэхдээ, “Энэхүү шагнал нь зан заншил, өв уламжлалыг хадгалах гэж зорьж явдаг элэг нэгтэй монголчууд буюу Өвөрмонгол, Буриад, Якут, Халимаг, Тува, Хазара зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудын төлөөлөл болсон үгийн уран бүтээлчид, зохиолчид, эрдэмтдийг нэгтгэсэн холбооны анхны шагнал болж буйгаараа онцлогтой” гэв.

Зохиолч өөрийн биеэр ирж чадаагүй ч түүний дотнын анд, бие төлөөлөгч Чэнь Зи Цюнь, Хятад улс даяар хамгийн алдартай том хэвлэлийн групп болох "Хөх Мөрөн" хэвлэлийн хорооны ерөнхий редактор Ань Гун Шүнь нарт гардуулсан юм. Тэд, “Монголын ард түмэн “Чонон сүлд” романыг ийм их үнэлдэг, уншдаг нь алхам бүрт мэдрэгдэж байна. Зохиолч Зян Рун олон жил Өвөрмонголд амьдарсан, амь амьдралаараа чонотой нөхөрлөж, монгол ахуйн соёлд суралцсан. “Чонон сүлд”-ийн уугуул нутагт хөл тавиад энэхүү шагналыг гардаж авсандаа маш их баяртай байна” гэв.

Шагнал гардуулах ёслолд ДМЗХ-ы Удирдах зөвлөлийн гишүүн, “Чонон сүлд” романы орчуулагч Д.Болдбаатар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Бааст, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, П.Бадарч, СГЗ Д.Цэнджав, Г.Аким нарын эрдэмтэн зохиолч оролцов.

ДМЗХ-ны дээд шагналыг 4 жилд нэг удаа олгох аж.

Дашрамд дурдахад, зохиолч "Чонон сүлд" номоо 1997-2004 онд бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 32 улсын хэлээр 100 гаруй орны уншигчдын ширээний ном болжээ. Өнгөрсөн хавар уг зохиолоор “Чонон сүлд” уран сайхны кино бүтээж, гол дүрийн жүжигчнээр Монголын жүжигчин Р.Анхням тодорсон юм.

 Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд