Засаг даргаар ахлуулсан эрүүл мэндийн баг Уянга суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 17:42:13

Өвөрхангай аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хорооны дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Уянга суманд ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ.

Сумын иргэдээс ЭХО-д 319, доторт 318, БЗДХ-ын өвчлөлөөр 489, мэдрэлд 233, эмэгтэйчүүдэд  190, хүүхдийн эмчид 126, нүдэнд 142, мэс заслын эмчид 110 зэрэг давхардсан тоогоор нийт 1927  хүн үзүүлсэн бөгөөд 300 иргэн зүрхний цахилгаан бичлэг хийлгэж, лаборант серилоги, иммунологийн шинжилгээнд 409 иргэнийг хамруулан 11 төрлийн түргэвчилсэн оношлуураар 3526 шинжилгээ хийснаас 758 тохиолдол эерэг гэх хариу гарчээ.

Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан иргэдээс 62,4 хувь нь өвчлөлтэй байсны улмаас БОЭТ болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төв рүү явуулан эмчлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Мөн энэ үеэр Үе тэнгийн сургагч хүүхдүүдийг чадавхижуулах сургалт, Эрүүл мэндийн сайн дурын идэвхтний чадавхижуулах сургалт, Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт зэргийг зохион байгуулж, эрүүл мэндийн  33 төрлийн  гарын авлагыг их хэмжээгээр тараан иргэдэд хүргэсэн байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ