Э.Тодгэрэл: Мамбрето миний хамгийн хайртай дүр

Монголын мэдээ | Соёл урлаг
altankhuyag@montsame.mn
2017-06-19 15:26:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид ОХ-ын Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар “Чөлөөт хос” жүжгийг тус театрын тайзнаа тоглохоор болсныг уншигчдад дуулгахад таатай байна. Ингээд тус жүжгийн гол дүрийн жүжигчин, СТА Э.Тодгэрэлтэй уулзаж ярилцлаа.

-“Чөлөөт хос” жүжгийг анх удаа гадаад оронд тоглохоор болжээ. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?

-ОХ-ын Якут улсын урилгаар П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн академик театрын тайзнаа 86 жилийн түүхэнд анх удаа очиж тоглох гэж байна. УДЭТ-ын шилдэг бүтээл, УГЗ Ч.Найдандоржийн найруулга Италийн алдарт зохиолч Дарио-Фогийн “Чөлөөт хос” мюзикл, инээдмийн жүжгийг тавих бэлтгэл ажил хэдийн дууссан. Ер нь гадаадын, тэр дундаа сонгодог урлагийн дээд зэргийн үзэгчидтэй оронд очиж тоглох гэж буй учраас бэлтгэлээ сайн хангасан. Монгол жүжигчдийн ур чадвар, цаашлаад театрынхаа үйл ажиллагааг сурталчлах томоохон боломж олдсонд баяртай байгаа. Мөн тус театртай цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж ч давхар олдож байгаа хэрэг.

-Жүжигт гуравхан гол дүр гардаг. Харин та Мамбретто болон түүний хүү, хүүгийнх нь найзад бас давхар дүр бүтээж байгаа гэсэн. Тайзан дээр нэг дор олон дүрд хувирах хэцүү юу?

-Бэлтгэлээ сайн хийвэл тийм ч хэцүү биш. Хүндрэлтэй зүйлүүд тохиолддог ч жүжигчин хүн өөрийгөө бүрэн дайчилж заавал ард нь гарах хэрэгтэй. Би чиний дээр дурдсан гурван дүрд тоглохоос гадна эмч, автобусанд явж байгаа олны төлөөлөл гэсэн таван дүр бүтээж байна. Анхны юм бүхэн хэцүү байдаг. Тиймээс ч эхлээд бэрхшээлтэй зүйлүүд их тохиолдсон. Олон дүрд хувирах хэцүү санагдсан. Харин тоглолт маань амжилттай болж, үзэгчдийн алга ташилтаас урам авах мөч хамгийн сайхан. Үзэгчгүй театр бол ямар ч амьгүй. Ер нь тэгээд уран бүтээлч хүн хөдөлмөрлөж, үзэгчиддээ хайрлагдаж урам авснаар ур чадвар нь хүртэл өсдөг юм шиг санагддаг.

-Театрын жүжигчин болсноос хойш анх удаагаа гадаадын томоохон тайзан дээр тоглох гэж байна уу?

-Миний хувьд хоёр дахь удаагаа том фестивальд явахаар зэхэж байна. Өнгөрсөн онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон “Алтан гэрэгэ” олон улсын театрын наадамд оролцож “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрээр “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртээд ирсэн. Харин одоо тоглох гэж буй Мамбретто бол миний хамгийн хайртай дүр.

-Та чинь Меркуциогийн дүрийг бүтээсний дараа УДЭТ-ын үндсэн жүжигчин болж үнэмлэхээ гардан авсан байх аа?

-Тийм. Босго өндөртэй айлын нэгэн гишүүн болно гэдэг хүнд даваа. Театрын жүжигчид сургуулиа төгсөөд л үндсэн жүжигчин болчихдоггүй. Нэгээс хоёр жил магадгүй гурван жил ч дагалдан хийх магадлалтай. Миний хувьд дагалдан хийж байхдаа тус дүр дээр ажилласан. “Меркуцио” хамгийн их таалагдсан гэж үзэгчид сэтгэгдлээ илэрхийлэх мөчид маш их догдолсон. Харин “Чөлөөт хос” жүжгийн Мамбреттогийн дүр бол театрын босгоор алхаж орсны дараа, өөрийн чадварыг шинээр нээн үзүүлэх томоохон туршлага болсон учраас энэ дүрдээ хайртай байдаг юм.

-Тус жүжгийг үзэж амжаагүй үзэгчид нэлээ байгаа. Тиймээс жүжгийн утга санааны талаар товч ярьж өгөхгүй юу?

-Зохиолын нэг л өгүүлбэрт гол утга санаа нь зангилагдсан."Би зөвхөн эхнэртээ хайртай. Гэвч бүсэлхийнээс доош амьдралд чөлөөтэй байж болно. Тэдэнд зүрхээ өгөхгүй тул “Чөлөөт хос”-ыг дэмжээч” гэсэн өгүүлбэр юм л д аа. Өөрийн эхнэртээ хичнээн хайртай ч өөр эмэгтэйн өвөрт шөнийг өнгөрүүлж болох чөлөөт амьдрал хувь хүний оршихуйд бий гэсэн үзэл санаа юм. Хүн өөрийн хүссэн зүйлийг хийж, түүндээ үнэнчээр амьдрах нь аз жаргалыг бий болгодог. Энэ утгаар нь ойлгож болох ч нөгөөтэйгүүр жүжигт маань гэр бүлийн харилцааны асуудлын талаар гардаг. Ямартаа ч би жүжгийнхээ гол дүрд хайртай хэдий ч амьдрал дээр бол эхнэрийнхээ араар өөр хүнтэй болзохыг тууштай дэмждэг Мамбреттогийн үзэл бодлыг дэмждэггүй. Жүжигт гардаг шиг чөлөөт хос олширвол гэр бүлийн үнэ цэнэ гэж үгүй болно шүү дээ.

-Тэгвэл үзэгчдэд хүргэх гээд байгаа цаад зорилго нь юу байж таарах вэ?

-Анх энэхүү жүжиг Төрийн соёрхолт, найруулагч Наранбаатарын санаачилгаар хэрэгжсэн “Бэсрэг жүжгийн өдөр” төслийн хүрээнд тавигдсан юм. Гэр бүлийн дотоод асуудал, хосуудын хоорон дахь хэнд ч хэлж болдоггүй нандин нууцыг хөгжмийн аялгуутай хослуулан илэрхийлснээр үнэ цэнэтэй бүтээл болсон хэрэг.

-Та яг өөрийн ойлголтын үүднээс жүжгийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Миний ойлголтоор бол эхнэр Антония өнгөрсөн нийгмийн төлөөлөл юм шиг санагддаг. Харин Мамбретто бол ардчилсан, эрх чөлөөтэй нийгмийг төлөөлсөн. Тийм дээ “би эрх чөлөөтэй байж болно биз дээ?” гэсэн асуултын хариуг жүжгийн турш эхнэрээсээ шаарддаг.

-Гадаадын тайзан дээр тоглох гэж байгаа учраас сандарч байна уу?

-Анх жаахан сандарч байсан. Одоо бол үгүй. Нэгэнт бэлтгэлээ сайн хийсэн, эх орныхоо нэрийг гадаадын үзэгчдэд гайхуулаад ирнэ гээд шийдчихсэн хүн чинь юу боллоо гэж чичирч, сандрах билээ. /инээв/

-2013 оноос театрт ажиллаж эхэлсэн байх. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгохоор болов?

-Би уг нь багадаа хуульч болно гэж боддог байсан. Мөнхүү уран зохиолын хичээлдээ сайн, шүлэг найраг оролддог байсан болохоор том зохиолч болно гэж мөрөөддөг байлаа. Ер нь их олон юманд үсчсэн л  дээ. Харин манай ээжийн төрсөн ах МУСТА Ганболд гэж хүн бий. Тэр ах маань намайг урлагийн их нарийн мэдрэмжтэй, хүүгээ урлагийн хүн болгоорой гэж захидаг байсан гэсэн. Ээжийнхээ зөв шийдвэр, ахынхаа зөн билгийн мэдрэмжээр л жүжигчин болсон гэх үү дээ. Өөрөө ч сүүлдээ дурлаж, алхам бүртээ хичээж хөдөлмөрлөсөн. Одоо бол хуульч, цагдаа болно гэх хүсэл хэдийн замхарсан. Харин дэлхийн утга зохиолын ноён оргил "Гамлет", "Лир Ван"-ы дүрд тоглохсон гэж мөрөөдөх болсон. Гэхдээ биелэшгүй мөрөөдөл биш тул улам их хичээж, ажиллах болно.

-Шүлэг сонирхдог байсан гэлээ. Магадгүй хэнд ч уншуулалгүй хав дарчихсан шүлгийн түүвэртэй юм биш биз дээ?

-Үгүй ээ. Гэхдээ ирээдүйд шүлгийн түүврээ хэвлүүлчихэж магадгүй л байх. Надад өөрийн гэсэн өврийн жижиг дэвтэр бий. Өөрийн зохиосон 50 орчим шүлэгтэй.

-Жүжгийн зохиол бичиж, тайзнаа найруулан тавихыг хүсдэг үү?

-Чамайг хэлсэн чинь нээрэн тийм бодол төрж байна. /инээв/ Хүн өөрийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадвал өндөр уулыг ч эргүүлж, өргөн мөрнийг гатална гэдэг биз дээ. 

-Якутад “Чөлөөт хос”-ыг тоглоод ирсний дараа ямар уран бүтээл дээр ажиллах вэ. Төлөвлөгөө гаргасан уу?

-Түүхэн киноны эсрэг дүр бүтээнэ. Тийм дээ ч сахлаа ургуулаад л сууж байна даа. “Broadway” театрын  тайзнаа дүр бүтээх нь миний амьдралын хамгийн том зорилго. Өмнөө тавьсан өндөр зорилгоо биелүүлэхийн төлөө улам ихээр хөдөлмөрлөнө дөө.

Ярилцсан: Б.Алтанхуяг
 
 
Холбоотой мэдээ