Г. Самдан аваргын нэрэмжит барилдаан 48 дахь жилдээ зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-21 12:51:29
Хэнтий /МОНЦАМЭ/ “Хан Хэнтийн босоо” хэмээн алдаршсан Улсын аварга Гаанжууржавын Самдангийн нэрэмжит 48 дахь удаагийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Өмнөдэлгэр суманд зохион байгуулагдлаа.

Энэ жилийн барилдаанд 10 гаруй сумын 52 бөх үнэн хүчийг үзүүлж, уран мэхийг уралдуулан барилдсанаас Өмнөдэлгэр сумын харъяат, Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Биндэр сумын харъяат, Аймгийн арслан Г.Ганцоож үзүүрлэжээ. Удаах байруудад Жаргалтхаан сумын харъяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс, Баянхутаг сумын харъяат, Аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Батширээт сумын харъяат, Аймгийн заан Г.Бадрах, Жаргалтхаан сумын харъяат, аймгийн начин Т.Дэчинжүрмэд, Баян-Адрага сумын харъяат сумын заан П.Цагаан-Өвгөн, Галшар сумын харъяат, сумын заан Д.Цэрэнням нар шалгарчээ. Харин тусгай шагналыг Өмнөдэлгэр сумын ахмад бөх, сумын заан Б.Оюунбат, Бор-Өндөр сумын харъяат, Аймгийн начин А.Тэмүүжин нар хүртсэн байна.

Бөхийн барилдааныг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Далай, Даян, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн начин Б.Дашийн үр хүүхдүүд, Аймгийн арслан Болдбаатарын хүү Б.Ялалтбаяр, Сумын Заан Л.Ганбаатар, Өмнөдэлгэр сумын сайн малчин Э.Өнөрбат, Сумын сайн малчин Ч.Оюунбаатар, Сумын бөхийн холбооны тэргүүлэгч Г.Түмэнхүү, тэргүүлэгч Ц.Батсүх, Мянгат малчин П.Нэргүй, Төвийн малчин Г.Баярхүү нар ивээн тэтгэжээ.

Уг барилдаан нь 1960-аад оноос "Хэнтийн аймгийн тэргүүн бөх шалгаруулах барилдаан" хэмээх нэрээр явагдаж байсан бөгөөд 1969 онд Г.Самдан аваргын мэндэлсний 70 жилийн ойн баяр болсоноор аваргын нэрэмжит болгон зохион явуулах болжээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус барилдааны онцлог нь Хэнтий аймагт хүчинтэй тойргийн цол олгодог аж.

Тус барилдаанд амжилттай сайн барилдсан Жаргалтхаан сумын харъяат аймгийн начин Т.Дэчинжүрмэд аймгийн заан, Баян-Адрага сумын харъяат сумын заан П.Цагаан- Өвгөн, Галшар сумын харъяат сумын заан Д.Цэрэнням нар аймгийн харцага, Багануур дүүргийн харъяат бөх н.Ариунболд, Биндэр сумын харъяат бөх н.Батнаран нар аймгийн начин цол тус тус хүртжээ.  
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ