Дэлхийн хаана ч олдоогүй Жужаны үеийн олдвор олны сонирхлыг татав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:16:37

Монгол-Хятадын хамтарсан археологийн төслийн 10 жилийн ойн хүрээнд  "Их талын нүүдэлчид ба Торгоны зам" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд нээлтээ хийв.

 Үзэсгэлэнгийн техникийн шийдлийг “Панасоник брэнд”-ийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр 3D үзүүлбэрээр үзүүлсэн юм. Тус үзэсгэлэнд 10 жилийн хугацаанд илэрч олдсон олдворуудаас дээжлэн 200 орчим үзмэрийг дэлгэжээ.

Монгол-Хятадын хамтарсан судалгааны анги нь олон жилийн судалгааны үр дүнд илэрч олдсон олдвор хэрэглэгдэхүүнээрээ Монголын Үндэсний Музей, Хархорум музейн сан хөмрөгийг баяжууллаа хэмээн нээлтийн үеэр албаныхан онцолсон юм.

 Эл төслийн хүрээнд эртний Уйгурын хаант улсын язгууртнуудын бунхант булш болон тахилгын байгууламжийг судалжээ. Өмнө нь судлаагүй “Дөрвөлжин” хэмээх археологийн дурсгалын бүтэц, зохион байгуулалт, түүний учир утгыг тайлж, Уйгурчуудын бүтээсэн дурсгал болохыг тогтоожээ. Мөн Монголын төдийгүй Төв Азийн эртний судлалын ухаанд шинэ хэрэглэгдэхүүн, мэдлэгийг оруулж ирснээрээ шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой судалгаа болсон хэмээн судалгааны багийнхан ярилаа.

Уйгурын язууртны бунхант булшнаас гадна Хүннү, Сяньби, Жужан, Хятан зэрэг Монголчуудын өвөг дээдсийн байгуулсан төр улсын үед холбогдох зарим дурсгалыг малтан судалж сонирхолтой үр дүнд хүрчээ. Өмнө нь Монголын нутгаас илрээгүй Сяньби, Хятан нарын булшийг илрүүлж, тэдний оршуулгын зан үйл, эдийн боловсрол, ертөнцийг үзэх үзэлтэй холбогдох шинэ эх хэрэглэгдэхүүнүүдийг судалгаандаа оруулжээ.

 Жужаны хаант улс 150 гаруй жил оршин тогтносон ч тэдний үлдээсэн археологийн болон эд өлгийн ямар нэг дурсгал одоо болтол дэлхийн хаанаас ч илрээгүй  гэнэ. Харин Монгол-Хятадын хамтарсан судалгааны анги Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт малтсан булшнаас гарсан эд өлгийн зүйлийн насыг лабораторид шинжлэхэд 335-535 он буюу дунджаар 435 он буюу Жужаны үетэй тохирсон байна.

Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд