Цагааннуурын хуурч хүүхдүүд тайлан тоглолтоо хийлээ

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:38:28

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЕББД сургуулийн сурагчдын “Хуурчийн уянга” морин хуурын чуулга аймгийн төв Сүхбаатар хотод тайлан тоглолтоо хийлээ.

Тус чуулгын багш В.Амартүвшин:”Манай морин хуурын чуулга анх 2014 оны 10-р сарын 15-нд 8 сурагчтайгааар байгуулагдсан. Одоо 70 гаруй морин хуурч хүүхэд суралцаж байна. Сүүлийн жилүүдэд Монголчуудын өв соёл болсон морин хуур хөгжмийг хүүхдүүд их сонирхон хичээллэх боллоо. Энэ хөгжим бол яах аргагүй бидний үндэсний хөгжим юм. Монгол хүн бүхэн морин хуураа дээдэлж, айл бүхэн хоймортоо хүндэтгэн залдаг болсон. Эцэг, эхчүүд ч гэсэн их сонирхон хүүхдүүдээ сургахын төлөө дэмждэг болжээ. Бид өнөөдөр аймгийнхаа үзэгчдэд нэг жилд юу сурсанаа, мэдсэнээ үзүүлэхээр тайлан тоглолтоо хийж байна. Миний хувьд бие даасан бүрэн хэмжээний хангалттай тоглолт болсон гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл манай хамтлаг шинэхэн, бас залуу байна. Гэхдээ хүүхдүүд маань чамлахааргүй сайн сурч байгаа. Хамгийн гол нь жилийн хугацаанд юу сурч, ямархан хэмжээнд байна вэ гэдгээ харуулах зорилготой ирлээ. Ер нь морин хуур хөгжмийг дунджаар 250 хуурч тоглож байж, бүр цаашлаад түүнээс дээш хуурч дуугаргаж байж шаардлага хангадаг. Манай хамтлагийн хувьд хөгжмийн хөрөнгө оруулалтын тал дээр эцэг, эхчүүд маань 50 хувийг, сум орон нутгаас 50 хувийг нь гаргаж ихээхэн дэмжсэн” хэмээн ярилаа. Ийнхүү хуурч хүүхдүүд юу сурснаа Сүхбаатарчууддаа тайлагналаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ