Аагим халуун өдрүүд үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-26 21:05:38
Дорнод /МОНЦАМЭ/. 7 дугаар сарын 3-ныг хүртэл Дорнодын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ. Энэ өдрүүдэд хур тунадас орохгүй, шөнөдөө 21, өдөртөө 35-40 градус хүрч хална гэж Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. Салхи их төлөв баруунаас 4-9 м/с байна.
Тус аймгийн нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байгаа учир өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн үүлэнд зориудаар нөлөөлж, хориод удаагийн пуужин харваад байгаа. Хэд хэдэн удаа бороо орох нөхцөл бүрдсэн ч хэдэн зуун км үргэлжилсэн үүлний том масс байхгүй, өндөр дахь агаарын чийгшил, үүлний хэмжээ жижиг, услаг бага, хэсэгчилсэн голомттой зэрэг нь багахан хэмжээний тунадас өгөхөөс хэтрэхгүй байгаа юм. Хуурайшилт ихтэй байсан хойд сумдын нутгаар сүүлийн өдрүүдэд бага зэрэг хур тунадас оржээ.  
Хэт халуун өдрүүдэд зүрх судасны өвчтэй болон бага насны хүүхэддээ халамж анхаарал тавихыг эмч нар анхааруулж байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ