Театрт ОНХС-аас 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:37:30

30 жилийн ойгоо тэмдэглэж буй Хөгжимт драмын театрын хамт олон баярын хурлаа хийж, хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн болон соёлын байгууллагуудын удирдлага,  дуу хууранд дуртай үзэгч олны төлөөллүүд оролцсон юм.

Мөн тус театраас төрөн гарч, улсын хэмжээнд нэрд гарсан Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш, СТА Д.Түвшинсайхан, хошин урлагийн жүжигчин П.Сарантуяа, найруулагч О.Найманжаргал, хөгжмийн зохиолч Д.Дашзэгвэ, МУГЖ, уртын дууч С.Сумьяа, театрын анхны дарга Д.Төмөрчулуун нарын олон уран бүтээлч хүрэлцэн ирсэн байлаа. Баярын хурлаар шагналын хур бууж, Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Хөдөлмөрийн яам, аймгийн ИТХ, Засаг даргын шагнал, бусад байгууллагуудын шагнал урамшууллаар энгэр цоолж, баяр дээр баяр нэмлээ. Хүндэтгэлийн тоглолтыг тус театраас төрөн гарсан уран бүтээлчдийн дуу хөгжим, бүжиг, жүжгийн үзэгдэл зэргээр найруулан үзэгчдэд бэлэг барьлаа.

Хөгжимт драмын театрын  түүхэн ойг тохиолдуулж аймгийн ИТХ-аас 10 сая төгрөгийн хандив өгсөн байсан бол нэмж ОНХС-аас 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Тус театр 2009 онд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үзэгчдийн суудлыг шинэчилсэн бол 2010 онд аймгийн хөрөнгө оруулалт болох 36 сая төгрөгөөр дээврээ засч, 30 сая төгрөгөөр үзэгчдийн танхимыг тохижуулж, 20 орчим сая төгрөгөөр уран бүтээлчдийн хувцас, техник хэрэгслийн шинэчлэсэн ба 2013 онд ССАЖЯ-ны 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрэл, техникийг засварлан, бага заалыг ашиглалтад оруулжээ.

Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ