Хурдан морины мандатын үнийг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-28 10:13:20
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын хороо хуралдаж, хурдан морины мандатын үнийг бууруулахаар шийдлээ. Өнгөрсөн жилүүдэд наадмын цар хүрээнээс шалтгаалан хурдан морины уяачдаас нэг насанд 30-50 мянган төгрөгийн хураамж авдаг байсан. Харин энэ жилээс энэхүү хураамжийн үнийг 80 хүртэлх хувиар бууруулахаар боллоо.

Хүн бүр үндэсний баяр наадамдаа морио давхиулахыг хүсдэг. Гэвч зарим тохиолдолд морины мандатын үнэ хэт өндрөөс болж хүссэн хүн бүр морио уралдуулах боломжгүй болдог юм. Нэг үгээр хэлбэл морины уралдааны үеэр иргэдийн амьдралын түвшний ялгаа харагддаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилүүдэд уяачдаас нэг насанд 30-50 мянган төгрөг хураадаг байжээ. Зургаан нас нийлээд 180-300 мянган төгрөг гэсэн үг. Энэ нь уяачдад багагүй дарамт болдог. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар уяачдад хүндрэл учруулахгүйн үүднээс хурдан морины мандатын үнийг 80 хүртэлх хувиар бууруулахаар болжээ. Хурдан морины нэг насны мандатын хураамжийг 10 мянгад багтаахаар төлөвлөж байгаа юм байна.

“Аймаг байгуулагдсаны 75, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ой, зүүн бүсийн хурд баяр наадмын нийт төсөв 520 орчим сая төгрөг. Үүний ихэнх нь буюу 280 гаруй сая төгрөг нь зөвхөн хурдан морины бай шагналд зарцуулагдах юм. Хэдийгээр аймаг орон нутгийн эдийн засгийн нөхцөл байдал тийм сайн биш байгаа боловч бид хүн бүр сайн наадаасай, уяачид маань ямар нэгэн эдийн засгийн хүндрэл, дарамтгүйгээр морио давхиулаасай гэдэг үүднээс ийнхүү шийдсэн байгаа. Одоогоор бүх салбар хороод болон засаг даргын зөвлөлөөр дэмжигдээд байгаа. Удахгүй хурдан морины хураамжтай холбоотой аймгийн засаг даргын захирамж гарна...” хэмээн аймгийн баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга Д. Амарбаясгалан хэллээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ