Аймгийн цол олгох барилдаан Сүхбаатар суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-28 10:53:45
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг байгуулагдсаны 75, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2017 наадмууд зэрэг тохиож байгаатай холбогдуулан аймгийн цол олгох үндэсний бөхийн барилдааныг Улсын баяр наадмаар буюу 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулахаар болжээ. Барилдаанд зөвхөн Сүхбаатар аймгийн бөхчүүд оролцох аж.
Сүхбаатар аймгийн сумдын баяр наадам 07 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд болох бол, Зөвхөн Сүхбаатар сумынх улсын баяр наадамтай зэрэг буюу 07 дугаар сарын 10,11-нд болж, аймгийн цол олгох барилдаан болох юм. Харин Зүүн бүсийн хурд-2017 наадмын үндэсний бөхийн барилдаан 07 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд болно. Тус барилдаад улс аймгийн цолтой бөхчүүд оролцох боломжтой юм.
“Аймгийн засаг даргын захирамжаар Үндэсний бөхийн салбар хороо 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна. Салбар хороо байгуулагдсанаас хойш хоёр удаа хуралдаж холбогдох асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэний нэг нь энэхүү аймгийн цол олгох барилдаан юм. Зүүн бүсийн наадмаас тусад нь хийдэг маань аймгийнхаа залуу бөхчүүдээ дэмжих, тэднийг гаргаж ирэх  зорилготой. Хэрэв аймгийн цол олгох барилдаан зүүн бүсийн наадамтай цуг болвол хэцүү. Тиймээс энэ барилдаанд зөвхөн Сүхбаатар аймгийн бөхчүүд л оролцоно. Харин зүүн бүсийн наадам бол бүх бөхчүүдэд нээлттэй...” хэмээн Үндэсний бөхийн салбар хорооны дарга Т. Мөнхболд танилцуулав.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ