Хүүхдүүд могойд хатгуулах нь ихэсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-29 13:30:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулах тохиолдол ихэсчээ.

ГССҮТ-ийн статистик мэдээгээр  2016 оны нэгдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 2017 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин илүү могойд хатгуулсан байна гэж Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа аж. 

Mанай оронд  дөрвөн овог, долоон төрөлд хамаарах есөн төрлийн могой байдаг бөгөөд дөрвөн зүйл нь хортой, таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй  могойд  хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг байна.

Могойд хатгуулсны дараа анхны тусламж үзүүлэхдээ түргэн тусламж  дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх, тайван байлгаж, хөдөлгөөнийг хязгаарлах, идэх, уух зүйлсийг хориглох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн амралт зугаалгаар явах үедээ хүүхдийг ой мод, хад асга руу ганцааранг нь явуулахгүй байх, эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байхыг анхаруулж байна.
Ж.Болор

 
Холбоотой мэдээ