Тайваньд 1,4 тэрбум долларын зэвсэг худалдахыг АНУ-ын Төрийн Департамент дэмжлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./TASS/.АНУ болон Тайванийн хооронд цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд 1,42 тэрбум долларын гэрээ байгуулахыг АНУ-ын Төрийн Департамент дэмжлээ.
Гэрээний дагуу Америкийн тал пуужин болон торпедуудыг /усан дор ашигладаг тэсрэх бөмбөг/ Тайваньд нийлүүлэх юм. Энэ тухай пүрэв гарагт АНУ-ын Батлан хамгаалах яамны бүтцэд ажилладаг тухайн чиглэлийн хэрэгжүүлэгч агентлаг мэдэгджээ.
Гэрээний дагуу Америкийн тал пуужин болон торпедуудыг /усан дор ашигладаг тэсрэх бөмбөг/ Тайваньд нийлүүлэх юм. Энэ тухай пүрэв гарагт АНУ-ын Батлан хамгаалах яамны бүтцэд ажилладаг тухайн чиглэлийн хэрэгжүүлэгч агентлаг мэдэгджээ.
Тус агентлагаас гаргасан баримт бичгүүдэд дурдсанаар, Тайваний талд янз бүрийн төрлийн 200 гаруй торпед, радиолокацийн төхөөрөмжүүдийг устгах зориулалттай пуужингууд болон тэдгээрийн иж бүрдэл хэсгүүдийг нийлүүлэхээр болсон байна. Үүнээс гадна, Америкийн тал радиолокацийн станцын техникийн үйлчилгээг хийх ба эскадрын мина тээгч 4 хөлөг онгоцыг шинэчлэн засварлах юм.
Пентагоны бүтцэд багтдаг дээрх агентлаг нь Засгийн газар хоорондын гэрээгээр гадаадад зэвсэг, цэргийн техник нийлүүлэх ажлыг хариуцдаг бөгөөд АНУ болон бусад орнуудын зэвсэгт хүчнүүдийн хоорондын харилцааг хөгжүүлэх, цэргийн салбарт Вашингтоны гадаадын түнш орнуудад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэх ажлыг эрхэлдэг ажээ.
Гэрээг дэмжсэн тухай дээрх мэдээллийг пүрэв гарагт сэтгүүлчдэд зориулсан тогтмол хийдэг хэвлэлийн хурлын үеэр Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хизер Нойерт нотолжээ. Тэрбээр хэлэхдээ "энэхүү шийдвэр нь АНУ-ын явуулж буй “нэг Хятад”-ын бодлогыг өөрчилж байгаа хэрэг биш” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Зэвсэг нийлүүлэх хэлцлийн талаар АНУ-ын Конгресст мэдэгдсэн байгаа ба хууль тогтоогчид уг хэлцлийг зөвшөөрөх эсэхээ 30 хоногийн дотор шийдэх ёстой юм. Энэ бол Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш АНУ, Тайванийн хооронд байгуулж буй ийм төрлийн анхны гэрээ юм.
Энэ оны 4 дүгээр сард БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлэхдээ "аль нэг улс орон Тайваний аралтай зэвсэглэл нийлүүлэх гэрээ байгуулахыг Хятад улс эрс эсэргүүцэж байгааг" мэдэгдсэн юм.
Reuters агентлаг 3 дугаар сард Цагаан ордны эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ "Д.Трампын засаг захиргаа Тайваньд орчин үеийн пуужингийн систем, хөлөг онгоц устгах пуужин зэрэг зэвсгүүдийг нийлүүлэхээр бэлтгэж байна" гэж байсан юм.
Түүнээс гадна, Тайванийн Засаг захиргаа АНУ-аас F-35 сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц худалдаж авах гэж байгаа тухай мэдээлэл гарч байсан билээ.
О.Барс