“Улаанбаатар төмөр зам” ХНН-т техникийн шинэчлэлт хийх шаардлагатай байгааг дуулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-30 10:20:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг (НХН)-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишарин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Д.Ганбат сайд Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны даргаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр, “Улаанбаатар төмөр зам” ХНН-т техникийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалт татаж төв замын засвар, зүтгүүрийн болон ачааны вагоны шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа. Таныг энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болон ЗТХЯ, Монголын хөрөнгө оруулагчид дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.

Зургадугаар сарын эхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумд оролцох үеэрээ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозеровтой уулзалт хийсэн. Энэ үеэр монголын төмөр замын төв коридороор Ази-Европ-Азийн чиглэлд 3 сая тонн ачаа нэмж тээвэрлэх шийдвэр гаргасан нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сайд онцлов
.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ