НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ливийн эсрэг хоригоо сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-30 11:03:53
НҮБ./TASS/. Ливиэс газрын тосыг хууль бусаар гаргахыг таслан зогсоохын тулд тус улсын эсрэг авсан хоригоо НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 16 сараар буюу 2018 оны 11 дүгээр сарын 15 хүртэл сунгалаа. Уг хориг нь энэ мөчөөс эхлэн зөвхөн түүхий газрын тос төдийгүй боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнд хамаарах юм.

Ливийн газрын тосны хууль бус экспорт нь тус улсын “энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлж байна” гэж уг баримт бичигт онцлон дурджээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд Ливиэс НҮБ-ын ивээл дор байгуулагдсан Үндэсний эвлэрлийн засгийн газрын нэрийн өмнөөс бус харин “ижил үүрэгтэй бүтцүүд“-ийн нэрийн өмнөөс түүхий газрын тосыг хууль бусаар экспортлохоор оролдож байгааг буруушаажээ. 

2014 оны 3 дугаар сард Аюулгүй Зөвлөлөөс баталсан хориг арга хэмжээ нь Ливийн Засгийн газрын хяналтаас гарсан нутгуудаас хууль бусаар газрын тос зөөдөг хөлөг онгоцнуудын эсрэг чиглэгсэн аж. Уг хоригт хууль бусаар газрын тос тээвэрлэж байж магадгүй сэжиг бүхий хөлөг онгоцуудыг задгай тэнгист шалгах талаар тусгасан байдаг. Ливийн зүүн нутгийн омгууд болон бүлэглэлүүд тус улсын эрх баригчдын хяналтаас гадуур газрын тос экспортолж байгаагийн эсрэг ийм арга хэмжээ авчээ.

НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хуралдаанд оролцсон Ливийн Байнгын төлөөлөгч аль-Махди аль-Мажерби үг хэлэхдээ “Ливи улсад оршин тогтнож, хөгжих боломжийг олгохын тулд царцаан битүүмжилсэн санхүүгийн хөрөнгөө эргүүлэн авах боломж олгох"-ыг хүсчээ. Тэрбээр мөн хэлэхдээ "хэт даврагч бүлэглэлүүдтэй тэмцэхэд зэвсэг хэрэгтэй байгаа бөгөөд зэвсгийн нийлүүлэлтэд тавьсан хязгаарлалтыг хүчингүй болгох"-ыг хүсчээ.
О.Барс 

 

 



Холбоотой мэдээ