Нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-07-01 07:59:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжлэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс  онцгойлон анхааруулав.
 
Долдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зарим газраар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно.

 Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.    Ихэнх хугацаанд говь болон зүүн аймгуудын нутгаар бүгчим халуун хэвээр байна.    
Холбоотой мэдээ