Хэнтий аймагт шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-04 13:16:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбоо “Нээлттэй данс-1”, “Хөгжилд хүрэх нээлттэй данс”, “Нээлттэй данс-2” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. “Нээлттэй данс-1” төсөл нь 2015 онд аймгийн болон Хэрлэн сумын ЗДТГ, “Хөгжилд хүрэх нээлттэй данс төсөл” нь 2016 онд Хэрлэн сумын 1, 3 дугаар сургууль, 3, 4 дүгээр цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг, МСҮТ зэрэг 6 төсвийн байгууллагын шилэн дансны үйл ажиллагаанд мониторинг хийхэд хангалтгүй дүнтэй гарчээ.

“Нээлттэй данс-2” төсөл нь Монгол Улсын “Шилэн дансны тухай” хууль, “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг мөрдлөг болгон 2017 онд Хэнтий аймгийн Засаг дарга, ЗДТГ, Харгуй ТӨХК, Хэнтий Ус ХХК зэрэг байгууллагуудад мониторинг хийжээ. Уг төсөл нь төсвийн удирдлагын шийдвэр үйл ажиллагаа нээлттэй, ил тод, ойлгомжтой байгаа байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой байв.

Мониторингийг 2016 оны 12, 2017 оны 1–5 сарууд буюу нийт 6 сарын хугацаанд сонгогдсон байгууллагуудын мэдээллийн самбарт тавигдсан бичиг баримт, https://www.shilendans.gov.mn цахим хаяганд байрлуулсан мэдээллүүдийг цуглуулах аргуудыг хэрэглэн, үнэн бодьтой, үндэслэлтэйгээр цуглуулан ажиллажээ.

Мониторинг хийх хугацаанд “Шилэн дансны тухай” хуулийг сонгогдсон төсвийн байгууллагууд амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн төсөв, өмч хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ил тод, нээлттэй мэдээлэх талаар ахиц гарсан байна. Мөн мэдээллээ shilendans.gov.mn цахим хуудсанд бүрэн байрлуулж байгаа боловч ил тодын мэдээллийн самбарт хуульд заагдсаны дагуу бүрэн тавигдахгүй байна.

Харгуй ТӨХК нь “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлж, орон нутгийн төсөв, өмч хөрөнгийг үр ашигтай зарцуулж, ил тод, нээлттэй мэдээлэн, Шилэн дансны цахим хуудсыг бүрэн ажиллуулж байгаа боловч Ил тодын мэдээллийн самбарт шаардагдах мэдээллүүдийг байрлуулаагүй. Хэнтий Ус ХХК нь “Шилэн дансны тухай” хуулийг огт хэрэгжүүлэхгүй байна. Уг хуулийн талаар төрийн өмчит компаний ажилчид болон иргэдийн мэдлэг хангалтгүй байгаа юм.

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар Шилэн дансны хуулинд заагдсаны дагуу мэдээллүүдийг тавих жишиг мэдээллийн самбарын загварыг бий болгон, журамд заагдсан мэдээллүүдийг самбарт байрлуулж, бусад ил тодын мэдээллээр баяжуулж байх, шилэн дансны мэдээллийн самбарыг тогтмол ажиллуулж байгаа Хэрлэн сумын ЗДТГ–ын туршлагыг бусад сум, байгууллагуудад нэвтрүүлэн, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн Шилэн дансны хуулийн талаар дотоод хяналт шалгалт хийн, хуулийг хангалтгүй хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч, төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнуудад хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэж байх шаардлагатай юм.

Монгол Улсын “Шилэн дансны тухай” хууль нь 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт зөвхөн төрийн байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарын хүрээнээс хэтрэхгүй байна. Иймд байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар ажилтан, албан хаагчдын “Шилэн дансны тухай” хуулийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, shilendans.gov.mn цахим хуудас, мэдээллийн самбарт тавигдсан мэдээллүүдэд хяналт тавьж байх шаардлагатай юм.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал Шилэн дансны хуулийн 8.1-д заасны дагуу хөндлөнгийн хяналтыг хийж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг багийн Иргэдийн нийтийн хурал, орон нутгийн ТВ, сонин хэвлэлд тогтмол өгч, иргэдэд уг хуулийг сурталчлах талаар ажил зохион байгуулах шаардлагатай байгаа нь төслийн хугацаанд ажиглагджээ.

Эдгээр төслүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээнээс харахад жил ирэх тусам Хэнтий аймагт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт тааруухан үзүүлэлттэй байна. Мөн “Нээлттэй нийгэм форум” ОУБ–аас улсын хэмжээнд сар бүр гаргадаг нэгдсэн тайлангаас харахад 2017 оны 1-р сард 33,3%, 2, 3-р сард 50,0% -тай үнэлэгдэж байна. Мөн “Орон нутгийн төсвийн ил тод байдал 2016” судалгааны дүнгээр 36 хувьтай буюу улсын хэмжээнд дээрээсээ 15–р байранд жагсаж, олон улсын жишигтэй харьцуулахад “хангалтгүй” байгаа тул цаашид төсвийн ил тод байдлыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна.
 Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ