Aхуйн зориулалтаар загасны зөвшөөрөл олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-04 14:29:37
Хэнтий /МОНЦАМЭ/  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн БОАЖГазар нь Хэнтий аймгийн Онон, Балж голын загас агнуурын бүс нутагт ахуйн зориулалтаар агнах, барих загасны зөвшөөрлийг EZASAS.MN вэб сайтаар дамжуулан цахимаар олгож эхэллээ.
Иргэд загасны зөвшөөрөл /Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг/-ийг авахдаа орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хандан авч болохоос гадна EZASAS.MN вэб сайтад хандаж авч болох юм.
Монгол оронд тархсан нийт 74 зүйл загасны 38 зүйл нь Онон, Хэрлэн голын ай савд тархсан байдаг. Эдгээр 38 зүйлийн загаснаас 8 зүйл загас нь агнуурын ач холбогдолтой элбэг гэж тогтоогдсон бөгөөд Хэнтий аймгийн ИТХ-ын 4 дүгээр тогтоолоор  2017 онд Хэрлэн, Онон гол дагуу нийт 1000 толгой загасыг ахуйн зориулалтаар барихаар баталсан байна.
Тодруулбал,  Баянмөнх суманд ердийн зэвэг-3, амарын цурхай-4, амарын сугас-5, мөнгөлөг хэлтэг-2, булуу цагаан-3 нийт 17 загас, Дэлгэрхаан суманд ердийн зэвэг-30, амарын цурхай-20, нийт 50 загас, Цэнхэрмандал суманд ердийн зэвэг-25, улаан живэрт-50, амарын сугас-16, нийт 91 загас, Батширээт суманд ердийн зэвэг-20, амарын цурхай-30, улаан живэрт-25, амарын сугас-36, цулбуурт-10, гутаарь-10, мөнгөлөг хэлтэг-20, булуу цагаан-10, нийт 161 загас, Биндэр суманд ердийн зэвэг-60, амарын цурхай-30, улаан живэрт-20, амарын сугас-16, цулбуурт-30, гутаарь-20, булуу цагаан-15, нийт 191 загас,  Баян-Адрага суманд ердийн зэвэг-25, амарын цурхай-20, улаан живэрт-20, амарын сугас-16, цулбуурт-10, гутаарь-20, мөнгөлөг хэлтэг-12, булуу цагаан-5, нийт 128 загас, Дадал суманд ердийн зэвэг-60, амарын цурхай-30, улаан живэрт-15, амарын сугас-11, нийт 116 загас, Норовлин суманд ердийн зэвэг-16, амарын цурхай-24, улаан живэрт-22, цулбуурт-10, гутаарь-2, булуу цагаан-5, нийт 79 загас, Хэрлэн суманд амарын цурхай-10, улаан живэрт-10, амарын сугас-21, цулбуурт-10, гутаарь-10, нийт 61 загас, Баян-Овоо суманд ердийн зэвэг-5, амарын цурхай-5, улаан живэрт-20, амарын сугас-36, цулбуурт-30, гутаарь-10, нийт 106 загасны зөвшөөрөл тус тус олгох юм байна.

Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ