Хамтарсан дадлага сургууль хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХилийн 0218 дугаар анги, ТЕГ, Гааль, Цагдаа, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналт, Нисэх төв буудал хамтарч “Онгоц барьцаалсан үед хамтран ажиллах нь” сэдэвт команд штабын сургуулийг өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Хилийн боомтод үйл ажиллагаагаа явуулж буй харилцан ажиллагаатай байгууллагууд ийнхүү хамтарсан дадлага сургууль хийснээр онц байдал зарласан үед дээрх байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэхээ тодорхойлоход чухал ач холбогдолтой. Хилийн 0218 дугаар ангийн хувьд боомтын аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд урьдчилсан ажиллагааны төлөвлөгөө гаргаж мэргэн буудагчийн, бүслэн хаах, хуйлан бүрхэх, хамгаалалтын болон штабын бүрэлдэхүүнд нийт 56 алба хаагчийг команд штабын сургуульд хамруулжээ.
Мөн тус ангийн хилчид ТЕГ-ын тусгай томилгоот бүлэгтэй хамтарч сөрөх тусгай ажиллагааг явуулсан. Тэд Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын тусгай бүлэгтэй хамтарч барьцаалагдсан иргэдийг аюулгүй болгох, нисэх онгоцыг чөлөөлөх арга хэмжээг авсан бөгөөд бодит нөхцөл байдал үүссэн үед ТЕГ, ХХБ, Гааль, Цагдаа, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналт, Нисэх төв буудлын удирдлагатай хэрхэн ажиллах вэ гэх асуултын хариуг команд штабын сургуулийн үр дүнгээс олж авав.