БНСУ-ын Чежү хоттой санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-09 19:18:24
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ИТХурал, БНСУ-ын Чежү хотын ИТХ-ын хооронд харилцаа хамтын ажиллагааны санамж бичгийг өчигдөр байгуулав.

Ёслолын арга хэмжээнд БНСУ-ын Чежү хотын ИТХ-ын дарга Син Коан Хон тэргүүтэй төлөөлөгчид болон аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат бусад төлөөлөгчдийн хамт оролцов. Санамж бичиг байгуулагдсанаар хоёр талын “соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, аялал жуучлалын салбар”-т хамтран ажиллах суурь тавигдаж байгаа юм.

БНСУ-ын Чежү хотын ИТХ-ын дарга Син Коан Хон хэлэхдээ,  “Глобалчлагдсан нийгэм, цаг үе өөрөө биднийг гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэхийг шаардаж байна. Энэ утгаараа бид гадаад хамтын ажиллагаа бэхжүүлснээр манай хоёр аймгийн хөгжилд шинэ дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тэрээр цааш хэлэхдээ, “манай хоёр орон өнө эртний түүхэн харилцаатай байж ирсэн бөгөөд цаашид аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байна” хэмээв.

“Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд ажилтан солилцож туршлага судлуулна” гэж аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат тодотгож байсан юм.

Мөн ирсэн зочид төлөөлөгчдийг уулзалтын дараагаар Төв аймгийн дурсгалт газруудыг танилцуулж, малчин айлуудаар зочлуулах бөгөөд уг аялал маргааш өндөрлөнө. 

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ