Аянга болон шилнээс болж ой хээрийн түймэр гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 10:13:37
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн таван түймэр гарсны хоёрыг нь цурманд орууллаа. Одоогийн байдлаар тус сумын Цогт-Өндөр багт хоёр, Баянгол багт  ой хээрийн  нэг түймэр дэгдсэн  хэвээр байна. Түймрийг  унтраахаар аймаг, нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид  ажиллаж буй.
Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс хойш 45 километрт орших Цогт-Өндөр багийн Хөх чулуут гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 40 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Харин Батсүмбэр сумын төвөөс зүүн хойно 25 километрт орших Цогт-Өндөр багийн Мухар хэмээх газар ойн түймэр гарсныг орон нутгийн 10 иргэн, нэг техник хэрэгсэлтэйгээр цурманд оруулахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 35 километрт орших Баянгол багийн Цацралтын-Ам гэх газар ойн түймэр гарсныг Төв аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 47 иргэн, нийт 72 хүн, долоон техник хэрэгсэл ашиглаж цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж буй.
Эдгээр ой хээрийн түймэр ихэвчлэн архины шил болон аянга цахилгаанаас болж гарсан гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ