Хүүхдийн шүдний кабинет ажиллаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-15 17:00:56
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд энэ сараас эхлэн хүүхдийн шүдний кабинет тусдаа ажиллаж эхэллээ. Эмнэлгийн захиргаанаас хоёр сая орчим төгрөг зарцуулж кабинетийг өөрсдийн нөөц бололцоогоор засварлан тохижуулсан бол аймгийн Засаг даргын дэмжлэгээр орон нутгийн хөгжлийн сангаас 27.5 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн шүдний боор болон машиныг авч өгчээ. 
Хүүхдийн сэтгэл зүйд нийцсэн, зохих стандартыг хангасан шүдний кабинет бие даан ажиллаж эхэлснээр хүүхдийг амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд оношлогоо эмчилгээ хийх боломжийг бүрэн хангалаа гэж шүдний эмч нар ярив.
Дорнод аймагт хүүхдийн шүдний өвчлөл их байдаг. Нийт хүүхдийн 80-90 хувь нь шүдний өвчтэй гэх судалгаа бий. Тиймээс сүүлийн жилүүдэд хүүхдийн шүдний өвчлөлийг багасгахаар шат дараатай ажлыг  зохион байгуулснаар өсвөр насныхны дунд шүдний өвчлөл буурчээ. Харин  бага насны хүүхдүүдийн эмчлүүлсэн шүд дахин өвдөх нь элбэг байгаа төдийгүй  хоёроос таван насны хүүхдийн шүд хорхойтох, таваас зургаан насны хүүхдүүдийн шүдний өвчлөл хүнд хэлбэрт шилжиж, цооролт үүсэх нь их байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ