Амарч зугаалагчид хогоо хаяад явах нь ихсэх хандлагатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-20 13:10:36
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн БОАЖГ-ын ажилтан албан хаагчид энэ сарын 17-18-ны өдрүүдэд Булган уулын баруун, зүүн суга, Сүрьеэгийн амны Боргио, Жамганы булаг орчмын хогийг цэвэрлэж, гурван машин хогийг ачуулсан байна. Ирэх амралтын өдрүүдэд урд Тамирын гол орчмын хогийг цэвэрлэхээр төлөвлөжээ.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, залуус, хүүхдүүд нэгдэн хүмүүсийн амарч зугаалдаг газруудын хогийг ээлж дараалан цэвэрлэсээр байна. Тэд хэлэхдээ "Амарч зугаалж байгаа хүмүүс хогоо авч явахгүй хаяад явдаг. Цэвэрлэчихдэг юм гэсэн хандлагатай хүмүүс олон болжээ" хэмээн ярьж байна. Хөвсгөл аймгийг өдөртөө 800 гаруй дотоод, гадаадын жуулчид зорьж байгаа тухай мэдээлэл бий. Тэгвэл тэдгээр жуулчдын 70 гаруй хувь нь Архангай аймгаар дайран өнгөрч, байгалийн сайхнаар саатан амарч хог үлдээж байгаа нь хог ихсэх бас нэг шалтгаан болж байгааг аймгийн БОАЖГ-аас мэдээлж байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ