Иран улс шинэ төрлийн зөөгч пуужин хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-28 09:35:53
ТЕГЕРАН. /Reuters/. Сансрын хиймэл дагуул зөөвөрлөх зориулалттай шинэ төрлийн зөөгч пуужинг амжилттай хөөргөсөн тухайгаа Иран улс мэдэгдлээ.

Пүрэв гарагт тус улсын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслээр Ираны сансрын төвийн талбайгаас уг пуужинг хөөргөж буйг харуулсан дүрс бичлэгийг цацсан байна.

Уг пуужин нь 500 км-ийн өндөрт орших тойрог замд 250 кг хүртэл жинтэй хиймэл дагуулыг хүргэх хүчин чадалтай ажээ. Тус улс харилцаа холбоо болон бусад зорилгоор тойрог замд илүү олон тооны хиймэл дагуул гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд баллистик пуужин зохион бүтээх ажлаа үргэлжлүүлэх байр суурьтай байгаа юм. Иран улс 2015 онд олон улсын хориг арга хэмжээг цуцалсны хариуд цөмийн хөтөлбөрөө хязгаарлах талаар дэлхийн 6 оронтой гэрээ байгуулсныхаа дараа ч гэсэн энэхүү байр сууриа өөрчлөөгүй байгаа аж. 

Пуужин болон баллистик пуужин үйлдвэрлэх нь цаашдаа алсын тусгалтай баллистик пуужинг үйлдвэрлэхэд хүргэж болзошгүй хэмээн АНУ болгоомжилж байна. 7 дугаар сарын 18-нд Иран улсын баллистик пуужин болон нисэгчгүй онгоцны хөтөлбөрт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээг АНУ хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Дээр дурдсан зөөгч пуужинг хөөргөсөн явдал нь АНУ-ын зүгээс цаашид тодорхой арга хэмжээ авахад хүргэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Х.Сарнай




 
Холбоотой мэдээ