Бичигт хаданд анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-31 19:04:44
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг байгалийн олон бүс бүслүүр буюу хангай, тал хээр, говь, цөлийн үзэсгэлэнт байгалийг хамран оршдог.
Гурван бүсийн нутагт очсон хэн бүхэн хүн төрөлхтний анхны соёлоос эхлээд эртний хүмүүс амьдарч байсныг нотолсон Цагаан агуй, өөр гариг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булагийн хадны дүрс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн түүх, соёлын дурсгал болох Бичигтийн хөндийн хадны сүг зургууд, байгаль өвөрмөц сонин тогтоцтой, анагаах эдгээх чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын халуун рашаан, эртний хаад ноёдын хуралдан чуулж байсан Заг-Байдрагийн Хүрэнбэлчирийг үзэх боломжтой.
Мөн одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс зэрэг бүхий Бүгийн цав, Ногоон цавууд, энэ дэлхий дээр анх монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө цогцолбор, дэлхий дээр зөвхөн манай аймгийн нутаг говийн дархан газарт цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх Мазаалай зэрэг гайхамшгуудыг үзэж болно.
Цагаан агуй
Монгол улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тухайлбал: 1989 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Уран хайрхан", Баян-Өндөр сумын "Чихэн агуй", Богд сумын Орог нуурын эх булагийн чулуун зэвсгийн дурсгалууд, Баянлиг сумын Зоог зуухын голын хуучин, шинэ, хүрэл зэвсгийн үеийн дурсгалт газруудаас олдсон археологийн олдвор нь одоогоос 500000 жилийн өмнө манай дэлхий дээр хүн амьдарч байсныг нотлох үнэ цэнэтэй олдвор юм. Түүнээс гадна Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Цагаан ууланд эртний чулуун зэвсгийн үед хүмүүс амьдарч байсан ул мөрийг агуулсан нэгэн сонирхолтой агуй бий.

Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайд Их богд уул оршино. Агуйн үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай. Агуй нь өндөр хэсэгтээ 10 м, өргөн хэсэгтээ 8 м хүрэх бөгөөд нийт урт нь 32 метр байна. 700000 жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онуудад хийсэн малтлага судалгааны үр дүнд тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнд Монгол болон Төв Азийн энэ бүс нутаг дөрөвдөгч галавын сүүл үед урин дулаан уур амьсгалтай байсныг судлаачид тогтоожээ.
Шатар чулуун хөшөө
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг “Шатар чулуу”-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. 
Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргисүүрүүдээс бүрдэнэ. Үүнтэй холбоотой “Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог бий. Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ.

Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.
Бичигт хад
Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий.
Бичигт хадны зурагт янгир, буга, гахай, тэмээ, ирвэс, гөрөөс, нохой, үхэр зэрэг амьтдын бүл сүргээрээ болон ганцаар тодолсон элдэв хөдөлгөөн дүрс, буга, янгир зэрэг ан авыг нум сумаар агнаж буй морьтой явган хүмүүс, тэрэгтэй морьтон, нум саадаг зэр зэвсэг агссан хуягт дуулгат эрс, үүл борооны явдал үйлдэж буй хүмүүс, ан амьтад, хүн малын үржихүйн бэлгэдэлт үйлийг дүрсэлсэн унагатай гүү, азарга гүү гишгэж байгаа, хээлтэй гүү, эхийгээ хөхөж буй бугын иил зэрэг амьтадын амьдралын олон явдал дэлгэгдэн дүрслэгдсэн байна.

Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ-Ш мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхэлж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.
Шаргалжуутын рашаан
Шаргалжуутын рашаан нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 670 орчим километр зайтай оршдог.
Рашаан нь болронцор, боржин асган дороос оргилон гардаг халуун хүйтэн 300 гаруй ундарга булагтай. Үүнээс 108 рашааныг сувилалд ашигладаг. Мөн ихэнх ундрага нь 40-100 шахам хэм халуун байдаг. Тэдгээр рашаанууд нь манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай нь юм. Ихэнхи ундарга нь халуун, хүхэрлэг, шаварлаг байдаг учраас эмчилгээнд ч хэрэглэдэг.
Рашааны тогтоц нь, алгаа дэлгээд бүх эрхтэн, махбодь, эд эсээ дэлгэн хэвтэж байгаа хүний хэлбэртэй.  Халуун рашаан нь далайн түвшнээс дээш 1990 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрлах бөгөөд Баянхонгор хотоос 60 км-ийн зайд оршдог.

Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн хэлбэрээр байгалиас “урлан бүтээсэн” хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан нь хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас гарахаас гадна, тус хаданд хушуугаа ойртуулаад “Хоолой хоолой, хорр хорр” гэх үгийг хэлэхэд хорррр хэмээх авиа гарч рашаан оргилон гарах нь нэн сонин.
Гал дээр тогоотой ус даргилж байгаа мэт энэ халуун рашаанд түүхий мах дүрэхэд дорхноо л борлодог, түүхий өндөг 10-20 минутад болдог. Рашааны булгууд нийлсээр Булган тохойн адагт Шаргалжуутын голд цутгана. Рашаан цутган орсон хэсгээрээ болон нэг км орчимд Шаргалжуут гол өвөлд хөлддөггүй учир зарим усны шувууд өвөлждөг. 
Их богд уул
Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг энэ нутгаас үзэж болно.
Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм.

Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ.
Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь их Богд уул юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно. Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтад бий.
Галуутын хавцал
Галуутын хавцал нь тус аймгийн Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т оршино. Олгой нуураас Галуут гол хойшоо урсан гарахдаа 2 км орчим урт энэ хавцлыг үүсгэжээ.
Нутгийн хүмүүсийн домог яриагаар одоогоос 200-аад жилийн өмнө "Тоть" нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ.

Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.
Говийн үзэсгэлэнт байгаль 
Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 км-т орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна.
Их говийн чимэг болсон Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь их говийн элсэн манхнууд болон говь нутгийн чимэг болсон заган шугуйд, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг бэлчиж, нүүдлийн соёл иргэншлийн томоохон төлөөлөгч болсон төв халхын малчин ардууд ажиллаж амьдарч байдаг нь гадаадын аялагчдын сонирхлыг эрхгүй татдаг билээ.

Нуурын орчноос дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ түүх соёлын нандин өв болох олон зуун хиргэс үүр, булш бунханууд нуурын зүүн хаяагаар ярайн байдаг. Баянхонгорын говь нутаг нь энэ дэлхийн анхны хүн амьдарч байсан буурал түүхийн гэрч болохын зэрэгцээ аварга биет үлэг гүрвэлийн чулуужсан яс, түүний амьдарч байсан ул мөр болон дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавууд нь Баянхонгорын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг илтгэх болно.
Хачин ламын хийд
Хачин ламын сүм нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд хуучны Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг, Түйн голын эрэгт хошуу Ноёны шутлэгийн ламд зориулан 1903 онд бүтээгджээ.
Хачин ламыг төвдийн Ванчин эрдэнээс VIII Богд Жавзандамба хутаггын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагуй учир Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Хачин, Хачин багш, Хачин номун хаан хэмээн алдаршжээ.

VII Богд гурвал Хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг бол өглөө, үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна. Сүм нь хоёр давхар, урд талын хаалгаар нь ордог байна. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь дотроо гурван өрөө бүхий зуны сууц ажээ. Сүмийн ханануудад үлгэр, домгийн сэдэвтэй төвд зураачдын өнгө ялган зурсан зурагнууд голлох бөгөөд нэг монгол зураачийн энэ хэлбэрээр зурсан "Дугар Зайсан" гэдэг зураг байдаг.
                                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ