"Би казах хүн" мега шоуд Баян-Өлгийгээс 3 оролцогч оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-01 18:28:54
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БН Казахстан Улсын нийслэл Астана хотод ирэх 8, 10, 11 дүгээр саруудад зохион байгуулагдах "Би казах хүн" Олон Улсын телевизийн шоу нэвтрүүлэгт тус аймгаас 3 оролцогч оролцохоор болжээ.

Казахстаны Мэдээлэл, харилцаа холбооны яамны дэмжлэгээр «Казахстан» радио, телевизийн корпорациас зохион байгуулж буй уг шоу нэвтрүүлэгт оролцогчдын урьдчилсан шалгаруулалт саяхан Өлгий хотод болж, Алтай сумын Соёлын төвийн эрхлэгч Х.Саттигүл, аймгийн Хөгжимт Драмын Театрын хөгжимчин М.Тилеубек, залуу дуучин Ш.Өзгерис нар шалгаран өнөөдөр Астана хотыг зорьжээ. Нийтдээ 30 гаруй хүн оролцсон уг шалгаруулалтыг Казахстан Улсаас ирсэн А.Ержанар, Х.Аллажар, Б.Болатбек тэргүүтэй телевизийн уран бүтээлчид шүүж явуулсан байна.

"Би казах хүн" Олон Улсын телевизийн мега шоу нэвтрүүлэг нь казах ардын дуу, хөгжим, тууль номинациудаар явагдах бөгөөд  Казахстан Улсын 14 муж, Монгол Улсын Баян-Өлгий аймаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Алтай аймаг, Оросын Холбооны Улсын Кош-Агач мужаас уран бүтээлчид оролцох аж.   
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ