Яруу найрагч Ж.Какейн мэндэлсний 70 жилийн ой тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-02 12:25:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Авьяаслаг яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт  Ж.Какейн мэндэлсний 70 жилийн ой ирэх 9 дүгээр сард тохиох аж.
Тэрээр 1947 онд Баян-Өлгий аймгийн Булган сумд төрсөн бөгөөд төрөлх казах хэл дээрээ "Яргуй", "Дэлгэр цаг", "Тус нэмэр», "Баяртай, хавар минь", монгол хэлээр "Яргуй дэлгэрэх цаг" номуудыг уншигчдын хүртээл болгож байжээ. Мөн Ч.Чимэд, Б.Явуухулан, Д.Нямаа, М.Цэрэндорж нарын бүтээлээс казах хэлнээ орчуулжээ. Иргэний уянгын шүлгээс гадна шог хошин шүлэг бичиж, казахын ард түмний "айтыс" буюу харилцаа дууны урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

1964-1981 онуудад аймгийн сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, захирал, аймгийн Боловсролын хэлтэст байцаагч, 1982 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн Баян-Өлгий дэх салбарын дарга, "Шугыла" /Туяа/ сэтгүүлийн эрхлэгч, 1992 оноос шашны сургуулийн ажил эрхлэхийн зэрэгцээ "Шарапат"
/Нигүүлсэл/ сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байжээ.

Түүний бүтээлүүд "Монгол уран зохиолын дээж" цувралын 98 дугаар боть, "Булганы уянга", "Ховд голын долгио", "Сансрын дуулал", "Цаст Алтайн уянга", "Жаран жилийн жавхаа" зэрэг эмхтгэлүүдэд оржээ.

Монгол хэл дээр гарсан хоёр дахь ном болох "Диваажинд залрах нууц" номыг Т.Етекбай эзэн нь тэнгэрт хальсан хойно хэвлүүлсэн ажээ.

Яруу найрагчийн мэндэлсний 70 жилийн ой тохиох гэж байгаатай холбогдуулан түүний охин К.Маржанаас тодруулахад: "Ойн арга хэмжээг 9 дүгээр сарын сүүлээр тэмдэглэхээр төлөвлөж байна. Аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарахаар болсон. Аавын өмнө нь нийтлэгдсэн бүтээлүүдийг эмхтгэн шинээр ном гаргана.  Мөн айтыс, урлаг, соёлын бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдана" гэв.

Ж.Какей 1993 онд Улаанбаатараас Өлгий хотын чиглэлд ниссэн зорчигч тээврийн АН-24 онгоц Марз ууланд сүйрэхэд амь үрэгдсэн юм.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд