Бразилын парламентын Доод танхим Ерөнхийлөгч М.Темерийг мөрдөн шалгахыг зөвшөөрсөнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-03 09:20:29
РЕО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Бразилын парламентын Доод танхим лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгч Мишель Темерт авлигад буруутгахын эсрэг санал өгчээ. М.Темерийг мөрдөн шалгахын эсрэг 159 гишүүн саналаа өгсөн бол 1 гишүүн татгалзаж, 12 гишүүн хуралд оролцоогүй байна.

Хэргийг шүүхээр цаашид үргэлжлүүлэн авч хэлэлцэхийн тулд дээрх санаачлагыг хууль тогтоох байгууллагын Доод танхимын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 513 гишүүний 342 нь дэмжих ёстой байжээ.

Парламентын Доод танхимын энэхүү шийдвэр нь төрийн тэргүүний эсрэг үүсгэсэн эрүүгийн процессийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал буюу 2018 оны эцэс хүртэл зогсоож байгаа юм.

Доод танхимын хуралдаан 11 цаг гаруй үргэлжилжээ. Санал шүүмжлэл, санал хураалтын үеэр депутатуудын дунд хэд хэдэн удаа ширүүн маргаан мэтгэлцээн үүсчээ. Үүнээс гадна, мөрдөн байцаалт явуулахыг дэмжигчид хуралдааны танхимд М.Темерийн зурагтай хуурамч мөнгийг цацсан байна.

6 дугаар сарын 26-нд Бразилын Ерөнхий прокурор тус улсын холбооны дээд шүүхэд төрийн тэргүүнийг авлигын хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах хүсэлтийг тавьсан юм. Дээрх байгууллагын мэдээлснээр, М.Темер энэ оны 3-4 дүгээр сард “J&F Investmentos” компанийн тэргүүн бизнесмен Жоэсли Батист-аас 500 000 реалын /152 000 доллар/ хэмжээтэй мөнгийг хахуульд авсан гэж үзэж байгаа аж. Төрийн тэргүүн М.Темер үүний хариуд Ерөнхий прокурорын тавьж буй дээрх асуудал ямар ч үндэслэл нотолгоогүй зүйл гэж мэдэгджээ.

Бразилын хууль тогтоомжоор Ерөнхийлөгч хэсэгчилсэн халдашгүй дархан эрхтэй байдаг ба иймд түүнийг мөрдөн шалгах шийдвэрийг зөвхөн Холбооны дээд шүүх гаргах эрхтэй байдаг байна. Үүнээс гадна Дээд шүүх зохих үйлдлийг хийхийн тулд парламентаас зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг аж.
О.Барс 
Холбоотой мэдээ