Дэлхийн хараагүй хүмүүсийн тоо 2050 он гэхэд 3 дахин нэмэгдэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-08-03 13:44:30
ЛОНДОН. /ВВС/. 2050 он гэхэд дэлхийн хараагүй хүмүүсийн тоо одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж судлаачид анхаарууллаа.

Lancet Global Health” анагаахын сэтгүүлд бичсэнээр, хэрвээ хүмүүс хараагаа алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, нүдний эмчилгээг сайжруулахгүй бол дэлхийн хараагүй хүмүүсийн тоо 2050 он гэхэд 115 саяд хүрч нэмэгдэж болзошгүй. Одоо дэлхийн хэмжээнд 36 сая хараагүй хүн байгаа аж.

Хараагүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь хүн амын дунд насжилт явагдаж байгаатай холбоотой гэнэ.



Дэлхийн хүн амын тоо өсөж, хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа учир харааны асуудалтай хүмүүсийн тоо ирэх хэдэн 10 жилийн дотор эрс нэмэгдэх хандлагатай байна гэж судлаачид үзэж байна.

188 улс орноос авсан мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс үзвэл, харааны сулралтай 200 сая гаруй хүн байна. Энэ үзүүлэлт 2050 он гэхэд 550 сая давах төлөвтэй байна.

Өмнөд болон Зүүн Азид, мөн Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудад харааны сулралтай хүн хамгийн олон байгаа аж.

Нүдний эмчилгээнд, тухайлбал нүдэнд болор суулгах мэс засалд илүү их хөрөнгө оруулалт хийхээс гадна таарсан нүдний шилийг аль болох эрт зүүж эхлэхийг судлаачид уриалж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ