Энэ долоо хоногтоо багтаан өршөөн суллахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-04 17:29:52

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг шүүхийн хэмжээнд нэг мөр ойлгох  зорилгоор улсын хэмжээн дэх эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчидтэй уулзалт-ярилцлагыг энэ сарын 3-нд зохион байгууллаа.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэнээр энэ сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болсон уг уулзалт-ярилцлагад нийслэл, дүүргийн шүүхийн шүүгчид ирж оролцсон бол орон нутгийн шүүхүүд онлайнаар холбогдов. Уулзалт-ярилцлагын үеэр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс тус хуулийг хэрхэн хэрэглэх талаар бичгээр болон амаар ирсэн асуултад хариулт өглөө.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг өршөөлд хамрагдах ялтнуудын материалыг прокуророос ирсэн тохиолдолд яаралтай судалж, хорих анги дээр нь хуралдаан хийж, энэ долоо хоногтоо багтаан өршөөн суллахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ