АНУ Филиппиний зэвсэгт этгээдүүдэд агаарын цохилт өгч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-08 08:57:36
НЬЮ-ЙОРК./TASS/. “Лалын улс” террорист бүлэглэлтэй холбоотой зэвсэгт этгээдүүдийн байрлалуудад агаараас цохилт өгөх цэргийн ажиллагааг Филиппинд эхлүүлэх тухайгаа Вашингтон зарлаж магадгүй байгаа ажээ. Энэ тухай даваа гарагт NBC телевиз мэдээллээ.

Хоёр эх сурвалжийн мэдээлснээр, зохих төлөвлөгөөг Пентагонд авч хэлэлцэж байгаа ба агаарын цохилт өгөхөд нисэгчгүй нисэх аппаратуудыг ашиглаж магадгүй аж. NBC телевизийн мэдээлснээр, дээрх ажиллагааг эхлүүлэх тухай албан ёсоор ойрын өдрүүдэд мэдэгдэх ба уг цэргийн ажиллагаагаар тус бүс нутагт АНУ болон түүний холбоотнуудад заналхийлж буй зэвсэгт этгээдүүдэд цохилт өгөх юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон даваа гарагт Минданао арлын Марави хотод байрлаж буй лалынхны эсрэг ажиллагааг явуулахын тулд АНУ Филиппинд хэд хэдэн нисэх онгоц олгосон тухай мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр, Вашингтон Манилад “зааварлагч болон мэдээллээр тусламж” үзүүлж байгаа төдийгүй "Cessna" компанийн үйлдвэрлэсэн хэд хэдэн нисэх онгоц мөн нисэгчгүй нисэх аппаратуудыг Филиппинд өгч байгаа ажээ. Р.Тиллерсон тэр өдөртөө Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте-тэй Манила хотноо уулзжээ.

“Лалын улс” террорист бүлэглэлийн талыг илт баримталдаг “Мауте” бүлэглэлийн лалын шашинтнууд 5 дугаар сарын 23-нд Марави хот руу дайран орж, “Лалын улсын засаглалыг Зүүн өмнөд азид байгуулж эхлэж байгаа” тухайгаа зарласан юм.

Засгийн газрын цэргийн ангиуд агаарын нисэх хүчин, хүнд зэвсэглэл, тусгай зориулалтын хүчний тусламжтайгаар хотод бараг бүрэн хяналтаа тогтоож чадсан хэдий ч хэт даврагчдыг бүгдийг нь устгаж одоохондоо чадаагүй байгаа юм.
О.Барс 
Холбоотой мэдээ