Сычуаньд аврах ажиллагаа үргэлжилсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-08-10 12:12:05
БЭЭЖИН. /Xinhua/. Энэ долоо хоногийн мягмар гарагийн орой 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

Жуулчдын хөл хөдөлгөөн  ихтэй байдаг Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд болсон уг газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөө өглөөний байдлаар 19, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 263 болж нэмэгджээ.

Цагдаа, цэргүүд болон гал сөнөөгчид 24 цагийн турш аврах ажиллагаа явуулж байна. Гэхдээ газар хөдлөлтийн улмаас үүссэн хөрсний нуралт болон том том чулуунууд аврах ажиллагаа явуулахад саад болж байгаа аж.

Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан газар юм.

Албаны хүмүүсийн хэлснээр, газар хөдлөлт болох үед тухайн газарт нутгийн оршин суугчид болон жуулчид нийлсэн 60 мянган хүн байжээ.


Жуулчдыг орон нутгийн захиргаанаас гаргаж өгсөн тээврийн хэрэгслүүдээр ойролцоох хотууд руу зөөж байгаа аж.
 
Хятадын Сычуань нь газар хөдлөлтөд өртөмхий муж билээ. Тус мужид сүүлийн жилүүдэд олон хүний аминд хүрсэн газар хөдлөлт нэг бус удаа болсон юм. Тухайлбал, 2008 онд тус мужид 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 69 мянга гаруй хүн амиа алдаж, 17 мянга гаруй хүн сураггүй болж байв.

Мөн 2013 оны дөрөвдүгээр сард 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 200 орчим хүн амиа алдаж, 13 мянга гаруй хүн гэмтэж бэртэж байсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ