Өнөөдөр "Прокурорын албаны өдөр” тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-14 14:59:04
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг “Прокурор албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.

Төв аймгийн Прокурорын газар нь анх 1998 онд шүүхээс тусгаарлагдан Богдын шар ордны хашаанд гурван эсгий гэр контортой байгуулагдсан түүхтэй. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 12 дугаар тогтоолоор Богд Дүнжингарав уулын өвөр Зуунмодны аманд нүүж суурьшнаас хойш эдүгээ 87 жилийн ой тохиож байна.

Эдүгээ тус прокурорын газар нь 16 прокурор, 12 ажилтантайгаар хууль сахиулах, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Энэ жил Төв аймгийн Прокурорын байгууллага 45 ажил зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний хоёр улиралд 40 төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж Төв аймгийн Прокурорын газрын Тамгын дарга Г.Намжил хэллээ.

Төв аймгийн прокурорын газрын түүхт ойн баярын өдөр тохиож буйтай холбогдуулан прокурорын байгууллагад хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу чин шударгаар ажиллаж байсан үе үеийн ахмад прокурорууд болон одоо ажиллаж байгаа нийт прокурор, ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллагууддаа аймгийн Прокурорын байгууллагаас "Прокурорын албаны өдөр”-ийн мэндийг хүргэж байна.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ