Үерийн дараах ариутгал халдваргүйтлийн ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-15 11:14:25
Хэнтий /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ны өдөр орсон хоёр удаагийн түр зуурын ширүүн борооны улмаас үерт өртсөн Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын 2,3 дугаар багийн айл өрх, албан байгууллагуудад ариутгал халдваргүйтлийн ажил  хийж байна.
 
Тус аймгийн ОБГ-аас мэдээлж байгаагаар 5 байгууллага, 1000 орчим өрх, нийтдээ 253.0 мян.кв.м талбай бvхий газар vерт автсан байна. Үерийн усанд автсан Хэрлэн сумын 2,3 дугаар багийн айл өрхийн хашааны эдэлбэр газрын бохирдсон хөрсөнд Хэнтий аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа бөгөөд "Зарим айл өрх эзэнгүй байгаагаас ариутгал хийх ажилд саад учирч байна" хэмээн ажилтнууд нь ярьж байлаа.

Цаашид үерт автсан ААНБайгууллага, иргэд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг ажлын байр, оршин суугаа газрын орчимд заавал хийлгүүлэх шаардлагатай байгааг тэд сануулсан юм. Мөн үер болж хөрсний бохирдол үүссэн нь бохир гар, бохирдсон хөрсөөр дамжин гэдэсний халдварт өвчин дэгдэлт хэлбэрээр гарч болзошгүй байна. Иймд иргэд оршин суугчид гараа бохирдох бүрт болон хоол хүнсээ бэлтгэж идэхийн өмнө тогтмол савандаж угааж, ариутгалын бодис хэрэглэхийг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ