Гэр бүлийн хүчирхийллийн 12 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-16 09:05:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар сарын 1-ээс хойш Эрүүгийн хуульд шинээр орсон “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн заалтаар нийт 26 гомдол, мэдээлэл аймгийн Прокурорын газар ирснийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 12 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж 1-3 сарын хугацаатай баривчлах ялыг оногдуулаад байна.

Гэр бүлийн хүчирхийллийн нийт гэмт хэргийн 20 нь согтуугаар үйлдэгджээ. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг албаныхан хэлж байна. Сүүлийн нэг сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ирсэн нийт 10 гаруй гомдол, мэдээлэл хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Үүнээс таван гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл голдуу эхнэр нөхрийн хоорондын тааламжгүй харилцаанаас болдог. Хэрэв гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн тохиолдолд зохих байгууллагад хандах, өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд тухайн харьяа баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын ажилтан, нийгмийн ажилтанд хандах шаардлагатай гэж Аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Нансалмаа хэллээ.

Мөн хуучин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэр бүлийн хоёр хэрэг шалгагдаж байх явцад эвлэрч хэрэгсэхгүй болж болдог байсан бол одоо мөрдөгдөж байгаа шинэ хуулиар заавал эрүүгийн хариуцлага тооцож хүлээлгэх, шүүхээс ял авах болсон” гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ