Умард Солонгосын пуужингийн хөдөлгүүр ОХУ-тай холбоотой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-08-16 10:01:28
КИЕВ. /NHK/.  Украин улсад үйлдвэрлэсэн пуужингийн хөдөлгүүрийг ОХУ Умард Солонгост нийлүүлсэн байх магадлалтай гэж тус улсын төрийн сансар судлалын агентлагийн удирдах зөвлөлийн тэргүүн таамаглажээ.
 
Тус агентлагийн удирдах зөвлөлийн тэргүүн Юрий Радченко Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрийг судалж буй тухай мэдээлэл өгөхдөө мягмар гарагт ийнхүү мэдэгджээ.
 
Пхеньяны “Хвасонг-14” баллистик пуужинд хэрэглэсэн хөдөлгүүр нь хуучин Зөвлөлтийн үеийн хөдөлгүүрийг засч сайжруулсан хувилбар гэж АНУ-ын мэргэжилтнүүд тайландаа дурдсан байдаг. Майкл Эллеманы гаргасан Стратеги судалгааны олон улсын институтийн тайланд Умард Солонгосын тив хоорондын баллистик пуужингийн технологи маш хурдацтай хөгжсөн шалтгаан нь Украинд үйлдвэрлэсэн хуучин Зөвлөлтийн хөдөлгүүртэй холбоотой гэжээ. Тус хөдөлгүүрийг хар захаас худалдан авсан байх магадлалтай аж. М.Эллеманы тайлан хэвлэгдсэний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ю.Радченко Умард Солонгосын пуужинд хэрэглэсэн хөдөлгүүр нь 2001 оныг хүртэл Украинд үйлдвэрлэсэн хөдөлгүүр гэж мэдээлжээ.
 
Эдгээр хөдөлгүүрийг ОХУ-д нийлүүлдэг байжээ. Мөн тэрбээр ОХУ, Умард Солонгосын найрсаг харилцааны үр дүнд Москва-Пхеньяныг пуужин болон хөдөлгүүрээр хангасан байх гэж хэлсэн юм. ОХУ-ын Шадар сайд Дмитрий Рогозин, Умард Солонгос Украины мэргэжилтнүүдийн тусламжгүйгээр хөдөлгүүр үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэж тэдний тайланд хариу өгчээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ