П.Гомбодорж: Энэ жилийн бэлчээрийн ургац өмнөх жилийнхээс нэг дахин бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-22 14:58:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд зуншлага ямар хэмжээнд болсон, үр тарианы ургацын байдал ямар байгаа зэрэг цаг үеийн асуудал болон мал аж ахуйн салбарт хийгдэж байгаа томоохон ажлуудын талаар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодоржтой ярилцсан ярилцлагыг хүргэе.

-Энэ зун зуншлага ямар байсан бэ?
-Энэ жил Архангай аймгийн хэмжээнд газрын гарц 5 дугаар сард гарахдаа боломжийн байсан. Манай аймгийн нийт  3,7 сая га  бэлчээртэй. 6 дугаар сараас эхлэн хур тунадас бага орсноос нийт нутгийн 80 гаруй хувьд нь гантай болон гандуу байлаа. 15-20 орчим хувьд нь буюу Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумын дээд биеэр бэлчээрийн ургац боломжийн гэж тогтоосон.
 
-Энэ жил хэдэн га-д тариалалт хийсэн юм бэ?
-Өнгөрсөн хавар манай аймаг  7710 га талбайд үр тариа, 480 орчим га-д төмс, 171,9 га-д  хүнсний ногоо, 1832,7 га-д малын тэжээлийн ургамал, 1400 га-д тосны ургамал тариалсан. Салбарын яамнаас үзүүлсэн бүхий л төрлийн дэмжлэгүүд хаврын тариалалтыг цаг хугацаанд хийх, тариалсан талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн.
 
-Ургац хураалт арай эхлээгүй юу?
-Тийм. Арай эхлээгүй байна. Бэлтгэлээ хангаж байна.
 
-Ургацын балансыг тогтоох ажлыг хийж байгаа юм уу даа?
-Бид 8-р сарын эхээр тариалангийн талбайнуудаар  явж энэ жил хураан авах ургацын төсөөллийг төрөл бүр дээр нь гаргалаа. 6-р сард тариа соёолсны дараах бутлалт, гол хатгалтын үед чийггүй, маш их хуурайшилттай байсан учраас үр тарианы ургалтад муугаар нөлөөлж, нэлээн зогсонги байсан гэж хэлж болно. Бутлалтгүй гол хатгасан тариан түрүү давжааран түрүүн дэх үрийн тоо цөөрч, авах ургацын хэмжээг буурахад хүргэнэ. Долоон сарын халуун наршилт нь үр тарианы биологийн болцын үе шатыг бүрдүүлэлгүйгээр  шууд  механик болц руу оруулсан гэсэн үг. Бидний төсөөллөөр нийт талбайн  10-13 хувьд нь ургац алдахаар байна. 20 орчим хувьд нь ургасан боловч малын тэжээл рүү шилжинэ. Бусад талбайгаас дунджаар 1 га-гаас 9 центр будаа авахаар байна. Өнөөдрийн байдлаар ХХААХҮЯ, манай газрын мэргэжлийн хүмүүсийн хамтарсан баг ургацын баланс тогтоох ажлыг хийж байна. Төмсний ургац  хэвийн бөгөөд хүнсний ногооны хувьд / манжин, лууван / ургац алдах  магадлалтай.


 
-Өвлийн бэлтгэл ажил хэр хийгдэж байна вэ?
-Энэ жилийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг өнгөрөгч 6-р сараас  эхлүүлсэн. Аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангуулах Засгийн газрын 186 дугаар тогтоол гарсан. Мөн ХХААХҮ-ийн сайдын албан даалгавар ч гарсан. Энэ хоёр дээр үндэслэн аймгийн Засаг даргын албан даалгавар гарч өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна. Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч ахалж байгаа. Төлөвлөгөөний дагуу бэлчээрийн ургацыг тогтоох ажлыг хийж  байна. Аймгийн УЦУОШГ-аас ирүүлж байгаа мэдээгээр бол энэ жилийн бэлчээрийн ургац өмнөх жилийнхээс нэг дахин бага байна. Ер нь бол бэлчээрийн ургац нэг га-гаас 4-6 центр байвал хэвийн гэж үздэг. Энэ жил зарим газраа хоёр центр ч хүрэхгүй хэмжээнд байна.
Сүүлд орсон борооны нөлөөгөөр газар жаахан сэргэсэн. Гэхдээ хадлан бэлтгэх хэмжээнд сайжраагүй. Мал махан тарга сайн авч чадаагүй. Засгийн газраас аймагт өгсөн үүрэг даалгавар бий. Тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг ч шийдэж өгсөн байгаа. Сумууд ч гэсэн анхаарч ажиллана. Мөн малчид өөрсдөө боломжоороо өвс тэжээлээ бэлтгэнэ. Энэ жил бэлтгэхээр төлөвлөж байгаа өвс тэжээлийнхээ 30 орчим хувийг орон нутгаасаа бэлтгэх боломжтой байгаа. Бусдыг нь зах зээлээс худалдаж авах, боломжийн байгаа газруудтай гэрээ байгуулах ажлыг хийж байна. Мөн худаг ус, бэлчээрийн усан хангамжийн асуудал яригдана. Сүүлийн жилүүдэд манай аймагт бэлчээрийн усан хангамж дорвитой хийгдээгүй. Энэ жил салбарын яамнаас улсын төсвийн  хөрөнгөөр гүн өрмийн 8 худгийг шинээр гаргаж 5 худгийг засварласан. Мөн төсөл хөтөлбөрийн шугамаар шинээр худаг гаргах, засч сэлбэх гээд аймагт нийт 15 худгийн асуудал шийдэгдсэн.

-Аймгийн нөөцөд хэр хэмжээний өвс үлдсэн бэ? Ашиглаж болохоор юм уу?
-Аймгийн нөөцөд 100 орчим тн өвс өмнө жилийнхээс үлдсэн. Тэжээл нь зарагдаад дууссан. Өвсний тухайд битүү саравчинд байгаа учраас чанарт нь нөлөөлөөгүй. Энэ жил ашиглаж болно. Дээр нь 400 гаруй тн өвс  бэлтгэнэ.
 
-Энэ жил аймгийн хэмжээнд хэдэн толгой мал өвөлжих вэ?
-Өвлийн бэлтгэлтэй холбогдуулан малын тоон дээр нэлээд анхаарч байна л даа. Энэ жил 5,5 орчим мал өвөлжихөөр байна. Мал тарга тэвээрэг сайнгүй дээр нь энэ өвөл хатуу байж болзошгүй.
 
-Энэ жил өөр аймаг сум руу оторлох юм уу, өөрийн аймагтаа отрын мал авах уу?
-Салбарын яамнаас аймгууд өөр хоорондоо  отор нүүдлээ зохицуул гэсэн чиглэл өгсөн. Манай аймгийн тухайд гантай, гандуу байгаа учраас гаднаас отрын мал оруулна гэхэд хүндрэлтэй. Ийм учраас отор оруулахгүй гэсэн чиглэлтэй байгаа. Харин аймаг дотроо сумын удирдлагууд, малчид хоорондоо ярьж, гэрээ байгуулан оторлож болно гэж үзэж байгаа. Энэ жил малчдаас борлуулж болох малын судалгааг хийж гаргасан. Ингэхэд 1,2 сая мал борлуулна гэсэн дүн гарсан байсан.
 
-Энэ жил нөөцийн мах бэлтгэх үү?
-Нөөцийн мах бэлтгэнэ.
 
-Манай аймаг малын эрүүл мэндийн асуудал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хийсэн ажил юу байна вэ?
-Малын эрүүл мэнд явж явж хүний эрүүл мэндтэй холбоотой юм. Энэ жилийн  малын вакцин, тарилга туулгууд цаг хугацаандаа хийгдсэн. Өнгөрсөн өвөл  Өгийнуур, Хашаат сумдад гарсан. Тухайн үед нь дээрх сумдын бүх малыг цэцэг өвчний вакцинд бүрэн хамруулсан. Энэ хавар цэцэг өвчин гарч болзошгүй  сумуудын төл малд цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин тарьсан. Одоо ч үргэлжилж байна. Вакцинаас гадна бог малын угаалга аянг өрнүүлж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагууд хамтран аймгийн баг бүрт бог малын угаалгын ванныг барина.
 Мөн аймгийн төв Эрдэнэбулган сумыг тойрсон сумуудын аймгийн төвд мах сүүгээ борлуулдаг иргэн, аж ахуй нэгжүүдийн  малд бруцёлёзийн тандалт шинжилгээг хийж байна. Эдгээр малчид, иргэд үнэхээр эрүүл  малынхаа мах сүүг  нийлүүлж байна уу гэдгийг баталгаажуулах юм .Мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлууд хийгдэж байна. Дээр нь шинээр “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн төсөл УИХ дээр хэлэлцэгдээд хэлэлцүүлгийнхээ эцсийн шатандаа орсон байгаа. Ирэх намрын чуулганаар энэ хууль батлагдвал мал эмнэлгийн тогтолцоо шинэчлэгдэж, босоо удирдлагад шилжин үйлчилгээний хүртээмж, чанар, хариуцлага сайжрах юм. Бид нар малыг эрүүлжүүлэх гэхээс илүүтэй аймгийнхаа малын эрүүл мэндийг баталгаажуулна гэсэн зорилготой ажиллаж байна.
 
-Манай аймаг малын цөм сүргийн үржлийн төвтэй болсон. Ажил хэр жигдэрч байна вэ?
-Цөм сүргийн үржлийн төв байгуулагдаад хоёр сар болж байна. Бид энэ хугацаанд цөм сүргийнхээ малд үзлэг ангилалт хийгээд үйл ажиллагаагаа жигдрүүлчихсэн. Цөм сүргийн үржлийн малыг аймгийнхаа бүсийн 3 суманд тарааж байршуулна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргын зүгээс 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Дээр нь улсын мал эмнэлэг үржлийн газар, удмын сангийн үндэсний төвтэй хамтарч төсөл хэрэгжүүлнэ.. Манай аймагт хонины Тамир үүлдрийн хэсэг, Хотонт үржлийн хэсэг гэж бий. Энэ нутгийн малаараа хонин сүргээ сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Үхэр дээр бол  Сэлэнгэ үүлдрийн үхэр манайд бий. Цаашид ашиглаад явна. Хамгийн гол нь бог малын чанарт анхаарч орон нутгийнхаа хөрс,бэлчээр  цаг агаарт тохирсон өндөр ашиг шимтэй малаар чанар сайжруулахад анхааран ажиллаж байна. Сумдад мал үржлийн нэгж байгуулах замаар сум орон нутагт нь тохирсон чанартай малыг ашиглаж малчидтайгаа хамтарч ажиллана. Яагаад гэвэл энэ ажлын үр шимийг малчид шууд хүртэг.
 
-Малын чанар эрүүл мэнд сайжирна гэдэг нь мах сүүний аян  сайн хэрэгжинэ гэж харж болох уу? 
-
Мах сүүний аяны хүрээнд хэд хэдэн том ажлыг төлөвлөж байгаа. Манай аймаг жилдээ 100 орчим сая литр сүү саадаг юм байна. Гэтэл саасан сүүнийхээ зөвхөн 4-5 хувийг л үйлдвэрийн аргаар боловсруулж байна. Бид нар бүгдийг үйлдвэрийн аргаар боловсруулж чадахгүй шүү дээ. Малчид малаа эрүүл байлгаж гэмээнэ гарч байгаа мах сүү нь эко, эрүүл байна гэсэн үг шүү дээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мах сүүний аяны хүрээнд аймагтаа 6 суманд сүү хуурайшуулах үйлдвэрийг барихаар гүйцэтгэгч компаниудтай хамтарч ажиллаж байна. Эхний ээлжид 5 суманд судалгаа хийсэн. Хамгийн эхэнд Хангай суманд хуурай сүүний үйлдвэр барих ажил эхэлчихсэн байна.. Энэ ажил ер  нь бол 5 сараас эхэлсэн. Орон нутгаас шалтгаалж байгаа юм байгаа. Сүү хуурайшуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байрлуулах байр савнаас эхлээд.. Хангай сум боломжийг хангасан . Дараа нь Ихтамир, Цэнхэр, Булган, Тариат, Чулуут гээд үнээ ихтэй, сүүний гарц сайтай сумуудад үйлдвэр баригдана. Мөн арьс ширийг анхан шатны тордогт хийх цехүүдийг сум болгонд байгуулах гэж байна. Аймгийн Засаг дарга энэ ажлыг  ИТХТ-ийн хурлаар оруулж  хөрөнгийн асуудлыг шийдүүлсэн. Бүх суманд бог малын арьс, нэхийг элдэх цехийг ирэх долоо хоногоос эхлэн нийлүүлнэ. Сардаа багтааж дуусгахаар ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. 

 
Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ