Анагаахын оюутнууд шинэ номын сантай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-05 17:58:25

АШУҮИС-ийн номын сангийн үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ая тухтай, бие даан суралцах орчин нөхцлийг бүрдүүлсэн шинэ номын санг өнөөдөр ашиглалтад орууллаа.

“Энэ номын сан нээлттэй хэлбэрийн уншлага буюу уншигчид өөрсдөө ороод, хэрэгтэй номоо сонгон авах боломжтой. Мөн уншлагын танхимаа курсээр зааглаж өгсөн. Үүнээс гадна зөвхөн мэргэжлийн ном гарын авлагаар хязгаарлагдахгүй бусад салбарын, тухайлбал, уран зохиол, шинжлэх ухаан, түүх, танин мэдэхүй зэрэг салбарын ном багтааснаараа онцлог” хэмээн АШИУС-ийн Төв номын сангийн захирал Э.Оюунгэрэл хэллээ.

Тус номын сан нь бүрэлдэхүүн 5 сургуулийн оюутан, судлаач, багш нарт 718 суудал бүхий 6 уншлагын танхим, 50 компьютертэй интернет өрөө, 17 суудал бүхий цахим номын сан, 56 суудал бүхий эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын танхим, 46 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар үйлчилж байна.

Шинээр номын санг орчин үеийн номын сангийн жишигт хүргэхийг хичээн зохион байгуулсан бөгөөд сүүлийн үеийн автоматжуулалт бүхий галын дохиолол, хөдөлгөөн мэдрэгч, интернэт, гадаад болон дотоод хяналтын камер, тоон технологит суурилсан харилцаа холбооны үйлчилгээ бүхий хяналтын цогц системүүдийг байршуулжээ.

Чөлөөт сонголттой төрөлжсөн уншлагын танхим, болон монгол, орос, англи ном, сэтгүүлийн уншлагын танхимыг байгуулсан нь ховор хуучин, хувь цөөнтэй номыг фондонд нь уншуулахаас гадна хувилан олшруулах үйлчилгээг нэг дороос авах нөхцлийг бүрдүүлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ