Таиландын шүүх Йинглак Чинаватыг шүүхэд ирээгүйн төлөө баривчлах зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-25 14:03:36
БАНГКОК./TASS/. Таиландын Дээд шүүхийн коллеги баасан гарагт хэргийнх нь талаарх шийдвэрийг уншин сонсгоход ирээгүйн төлөө Ерөнхий сайд асан Йинглак Чинаватыг баривчлах шийдвэр гаргажээ. Энэ тухай “Nation” телевиз мэдээлжээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдээс цагаан будаа худалдан авах улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хариуцлага алдсан гэж буруутгагдаж буй Ерөнхий сайд асны талын мянга гаруй хүмүүс шүүхийн шийдвэрийг хүлээн Дээд шүүхийн байрны гадаа цугларчээ. Шүүхийн шийдвэрийг 11:00 цагт уншиж сонсгохоор товлосон хэдий ч Й.Чинават шүүхийн байранд ирээгүй байна. Түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохоо хойшлуулахыг шүүхээс хүсч байжээ. Өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй ба улмаар Й.Чинаватыг баривчлах зөвшөөрөл олгож мөн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох хугацааг 9 дүгээр сарын 27-н болгон хойшлуулжээ. Тус телевизийн мэдээлснээр, хэрвээ түүний өмгөөлөгчид Ерөнхий сайд асан өвчтэй байсан тухай тодорхойлолтыг гаргаж өгөх юм бол шүүх баривчлах зөвшөөрлийг хүчингүй болгож магадгүй аж.

Бангкок хотын цагдаагийн мэдээлснээр, баасан гарагт шүүхийн барилгын аюулгүй байдлыг хууль сахиулах байгууллагын 4000 орчим ажилтнууд хангаж ажиллажээ. Пүрэв гарагт Й.Чинават өөрийн талынхаа хүмүүст гудамжны эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн шүүхийн байр руу очихгүй байхыг уриалжээ.

Шүүхээс Йинглак Чинават 2011-2014 оны хугацаанд улсад 518 тэрбум бат-ын /14,8 тэрбум доллар/ хохирол учруулсан гэж баталж байгаа юм.
О.Барс 
Холбоотой мэдээ