П.Порошенко 76 компанитай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-29 10:42:25
КИЕВ./TASS/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко тус улсын бизнесийн томоохон эздийн дунд бизнесмен Ринат Ахметовын дараа хоёрт ордог байна. Энэ тухай даваа гарагт нийтлэгдсэн Украины компаниудын бүртгэлийн мэдээлэлд мониторинг хийдэг “OpenDataBot” байгууллагын тоо баримтууд нотлож байгаа юм.

“Эзэмшдэг компанийнхаа тоогоор тэргүүлж буй эздийн жагсаалтын эхний байруудад Ринат Ахметов 303 компани, Петр Порошенко 76, Дмитрий Фирташ 72, Игорь Коломойский 45 компаниар орж байна гэж уг баримт бичигт дурджээ.

Дээр дурдсан мэдээллээр, тус улсад нийтдээ 2,6 сая бизнесийн эздийн 1,5 сая компани үйл ажиллагаагаа явуулдаг байна.

П.Порошенко сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр болон Ерөнхийлөгч болсныхоо дараах эхэн үедээ өөрийн хөрөнгөө зарна гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч тэрбээр хөрөнгөө зарсангүй.

Украины ОНМХ-үүдэд мэдээлж байгаагаар, Ерөнхийлөгчийн бизнес нь эдийн засгийн янз бүрийн салбарын хэдэн арван үйлдвэрийн газрууд байдаг ажээ. Тухайлбал, чихэр боовны “Рошен” пүүс, санхүүгийн салбар, газар тариалан, мэдээлэл түүнчлэн автомашины үйлдвэрлэлийн салбарт П.Порошенко компанитай ажээ.

2015 оны орлогын мэдүүлгээр П.Порошенко Украин, Орос, Польш, Испани болон бусад долоон орны 104 компанид хувь эзэмшдэг байна. Төрийн тэргүүний 2015 оны орлого 71 сая гривен байсан ба банкны дансанд нь 27 сая орчим доллар, 540 мянган гривен, 14400 евро байжээ. 2016 онд П.Порошенкогийн орлого 12,2 сая гривенээр /455 000 доллар/ нэмэгджээ. 20187 оны эхээр П.Порошенко нийтдээ 127,2 сая гривений /4,7 сая доллар/ хөрөнгө мэдүүлээд байгаа аж.
О.Барс 
Холбоотой мэдээ